Ч.ДАГВАДОРЖ: Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, доктор, профессор
Наяад насны наад талд оччихоод туулсан замаа эргээд харахад зарим жил хэзээ ч мартагдашгүй дуртгал, дурсамжаар дүүрэн байх нь хачин. Хачин нь юунд байв гэвэл хэзээ ч, хаана ч ахин давтагдахааргүй нь гайхам.
Тэр жил их хачин байж билээ. Би амьдралдаа тэр жилийнх шиг баяр баясгалан, сэтгэлийн долиглолтой тааралдаагүй санагддаг юм. Арвантаван насны алтанхан дуртгалыг хадгалсан өдрүүд минь. Амьдралдаа үзээгүйгээр шоовдорлуулсан ч гэсэн уран зохиолд хөтөлсөн Долгорсүрэн багшдаа сэтгэл хоргодон хоргодон уран зохиолын амтыг мэдэрсэн он жил минь.
Тэр жил бас өвчний учир сургуулиас завсардаж, их хотын барааг харж, хотын соёлыг гайхан бишрэх он цаг давхцсан юм. Авга эгчээ асарч өнжсөн надад тэр нэгэн орой УБДС-ийн шинэ жилийг үзэх завшаан таарлаа. Шинэ жил эхэлж цуварсан тоглолт үргэлжилсээр ... нэг хэсэгхэн завсарлагын дараа ороод ирвэл тайзан дээр гоолиг бүсгүй хийл эгшиглүүлж байна. Ном дэвтрээс уншиж байснаас цаашгүй хийл хөгжмийг анх харж байгаа минь энэ. Хийл хөгжмийг өмнө нь тийм ойроос хараагүй, хийлч хүмүүн тийм гайхамшигтай тоглохыг ч үзээгүй болохоор тэр яруу эгшиг сэтгэл зүрхийг бүрнээ эзэмдэж их хөвчийн дээгүүр нисэж явах шиг, зуны байгалийн зураг нүдний өмнө дэлгэгдэж, зуун түмэн шувууны яруу донгодолт эгшиглэх шиг. Бяцхан зүрх минь ч хэнхдэг цээжнээ тогтож ядах шиг. Ингэж л 15 шилжих насандаа “Хэнтийн өндөр ууланд”-ыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор хийлээр эгшиглүүлэхийг сонссон минь мартагдашгүй. Цэрэндолгор гуай шиг хийлч болох юм сан, Цэрэндолгор гуай шиг... Тэр “Хэнтийн өндөр ууланд” нисээд хүрэх сэн. Энэ гайхамшигтай аялгууг зохиосон Билэгийн Дамдинсүрэн гуайтай хэзээ нэгэн цагт уулзаж алдарт бүтээлээ хэрхэн яаж туурвисныг нь яриулах сан...
Үүнээс хойш сэтгэл нэг л битүүхэн догдлолд автаж цэнхэрлэх их хязгаар луу хэзээ мөдгүй нисчихмээр ч юм шиг, сурагч ахуйн иржгэрхэн бичгээр үдэш оройн сэлүүнд шүлэг тэрлэх болов оо.
Хөвсгөл аймгийн төвийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөхдөө ч эргэлзэж гайхах юмгүй МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид орж, уран зохиолын хүмүүн болохоор сэтгэл шулуудав. Яруу найрагч болох гэж, яруу урсгалд автаж хүмүүн болсныхоо хэргийг бүтээх гэж.
МУИС төгсөөд арван жил боллоо. Гайхамшигт хийлч Цэрэндолгор гуай миний цээжнээ урлагийн онгодыг сэрээж өгөөд тэнгэрийн орноо орь залуугаараа одож. Өөрийн бүрэг ноомойгоос ч болсон уу, алдарт Билэгийн Дамдинсүрэн гуайн барааг харж энэ тэр хурал зөвлөлгөөнд үг хэлэхийг нь сонссоноос биш, уулзаж учрахын хувь тохиосонгүй 1980-ад он гаргалаа.
1986 оны намар ээлжийн амралтаа авч Сонгинын дээд амралтад амрах боллоо. Амралтад очоод амрах эрхийн бичгээ бүртгүүлтэл “15 дугаар өрөөнд ор” гэлээ. Яваад ортол хэн байсан гэж санана? Миний уулзахын хүслэн болж явсан өнөөх Билэгийн Дамдинсүрэн гуай, яруу найрагч М.Ширчинсүрэн. Урлагийн бурхдын ярианд уусаж арван хэд хонов. Туулсан замыг нь дурсуулж хэд хонов. Харахад эгэл борхон мөртлөө ХХ зууны хөгжмийн урлагийн үндсийг тавилцсан энэ суутан үнэхээр ихийг үзжээ.
Хүрээ газарт шавилж, бурхны ном үзэж, чөлөөнд нь тэвэг өшиглөж, тэр ч байтугай монгол нударган зодооноор банди нартай өгч, авч, “Бөмбөгөр ногоон”-ыг үүсгэлцэж, “Учиртай гурав”-ын хөгжмийг туурвиж явсан, 1950-иад оны эхэн гэхэд Монгол Улсын Төрийн дууллын аялгуу зохиогчийн нэг. Төрийн шагналтан.
Эр саарал илжиг нь
Ийшээ чангаана аа
Эрдэнэ ширээтийн дөвчин унзад
Тийшээ чангаана аа
гэсэн ардын нэг шог дуу байдаг. Энэ цагт манай хөгжмийнхөн ч юм уу, хөгжимд ойр байдаг хүмүүс ардын дууны тэр санааг эвтэйхэн өөрчлөөд,
Буурал толгой Гончигсумлаа
Орос тийшээ чангаана
Бухан хүзүү Дамдинсүрэн
Хятад тийшээ чангаана
Данхар толгой Лувсаншарав
Ийшээ тийшээ чангаана
ч бил үү нэг тийм шог шүлэг болгочихсон байдаг санагдлаа. Энэ бол тухайн салбарын суутнуудын гаргасан дэг сургууль, бүтээн туурвих аяс намбыг хөнгөн зугаатайгаар хэлсэн хэрэг л дээ.
Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж хоёр бол яах аргагүй ХХ зууны Монголын хөгжмийн салбарынхан дотроо “хоёр чангаагч” нь. Хаашаа билээ гэхлээр дорно дахины аяс намба руу.
Яриад эхлэхээр ердийн л нэг хүмүүн, жирийн сайхан уран бүтээлч. Тийн байтал Дамидаагийн охин гэж тэр үед нас тогтсон хошууч ирлээ. Охины аавдаа авчирсан хишгээс амрагчид, өрөөний бид хэд хүртэв. Дамидаа бас охин үрээ боддог сэтгэл зөөлөн хүн аж. “Идэр явахад юу эсийг үзэх вэ. Сайн дарсыг ч хүртэж, сайхан бүсгүйчүүлтэй ч учирч явлаа. Тэглээ гээд хэчнээн сайхан бүсгүй байв ч ганц муу охинд минь хатуу хандмаар санагдаад байхлаар нь сэтгэлээ татсан юм даа” хэмээн бодлогошрон өгүүлнэ. Бас л өрөвдмөөр, хүний л амьдрал.
Энэ амралтаас хойш явдал замын ая таарвал гэрээр нь ордог боллоо. Янз янзын л юм ярилцсан. Гэртээ охины хүүхэд гээд 5-6 насны зээтэйгээ сууна. Тийм нэг удаагийн явалтаар Дамидаагаас “Хэнтийн өндөр ууланд”-аа хэрхэн зохиосныг нь асуухад:
-Чөлөөлөх дайн дууссан намар нэг их сайхан тогтуун өдөр ногоон онгоцоор Хэнтийн нуруугаар ниссэн юм. Намар оройн байгаль, уул тэр аяараа цэнхэрлээд л, араатан, жигүүртэн түмэн хэлээр дуугараад л, зохиолч бол уянгат шүлэг бичих сэн. Миний илэрхийлдэг хэл бол хөгжим юм. Уран байгалийн өнгө зохирлыг, уул, усны шивнээг илэрхийлье гэж бодсон юм даа, хүүхээ гэж хэлсэн сэн. Энэ үгнээс ч санаа авсан уу, би тэр намар “Тэрэлжийн цэнхэр ууланд” гэсэн шүлэг бичиж.
Сэрүүн сайхан хангай манан дунд, наран дунд
Сэрвэлзэж нэг, сэнслүүлж нэг цэнхэрлэнэ
Аниад харахад, амьсгаа авахад
Аяс, аясхан бодолд умбуулж, алдарч нэг,
аргадуулж нэг цэнхэрлэнэ
Тэр уул,
Тэрэлжийн цэнхэр уулаа
Тийм галтай,
Тийм идэр насны
Тэр-ээлжийн цэнхэр уулаа
Дээр мэлтийх огторгуйн саран
Дэргэд тормолзох зүрхний наран
Аяа, миний идтэй насны
Аз жаргалын айзам байж уу?
Аяа, миний эрчтэй насны
Амттайхан балны дээж нь байж уу?
Хөхрөгчийн цэнхэрлэх...
Хөхрөх ойн шуугих...
Хөөрхөн чиний минь мишилзэх
Хөлгүй жаргалын үүд байж уу?
Сэтгэлд найргийн айзамтай
Сэрэл, мэдрэмж, хөг эгшгийн аязтай
Хөвдөн дэвсгэртэй хөвчид,
Хөвөлзөх сэнстэй орчлонд
Гучин жил өнгөрөөгүй ч юм уу?
Гуньж, туниж яваагүй ч юм уу?
Тэрэлжийн цэнхэр ууланд,
Тээр жилийн цэнхэр ууланд
Олон юм янзаараа
Ой дурсамжид хэвээрээ
Сэтгэлд найргийн айзамтай
Сэрэл, мэдрэмж, хөг эгшгийн аязтай
Тэрэлжийн тэнгэр тээр жилийнхээрээ
Тэрэлжийн уулс тээр намрынхаараа
Тэрэлжийн гол тээр сайхнаараа
Тиймээ, Тэрэлжийн цэнхэр ууланд
Сэв сэвхэн сэвшээтэй
Сэм сэмхэн мишээлтэй
Харз усны халгиатай
Хархан нүдэнгийн талимаатай
Тэрэлжийн цэнхэр ууланд
Тээр жилийн цэнхэр ууланд
Сэтгэлд найргийн айзамтай
Сэрэл, мэдрэмж, хөг эгшгийн аязтай
гэж тэр шүлгээ тэрэлжээ.
СОНГИНЫН ДЭЭД АМРАЛТ
Дамидаа бид гурав энэ өглөө цайгаа уучихаад Туулын гүүрэн дээр ярилцаж зогсохуй дор сэтгэлд буусан шүлэг. Хоёулаа зогсож байсан мөртлөө гурвуулаа гэж бичих, “Хэнтийн өндөр ууланд”-ын тухай дурсамжийг сонссон мөртөө “Тэрэлжийн цэнхэр ууланд”-ыг бичсэнийг минь мэргэн уншигчид зохиолчийн дотоод урлантай холбон ойлгох буй за. Энэ шүлгээ би ахмад хүнд зориглож халуун дээр нь ч, түүний хойно уулзахдаа ч уншсангүй, тэмдэглэлийн дэвтэрт үлджээ. Харин хэзээ хойно “Монгол голомт” шүлгийн түүвэртээ оруулсан юм аа.
Энэ бол бидний сүүлчийн уулзалт байсан. Нийгмийн солигдлоос ч болсон уу? Төр засаг хүндтэй хүнээ дурсах ч цаггүй юм шиг бужигнаж байхад Монголын урлагийн хэд хэдэн суутан дурсгалын бичиг ч үгүй шахам тэнгэрийн орныг зорьсон. Тэдний нэг нь Билэгийн Дамдинсүрэн гуай.
Өнөөдөр эгэлгүй суутны мэндэлсний 100 жилийн ой тохиож байнам. Төрийн дуулалд сүсэглэж, “Хэнтийн өндөр ууланд”-аар сонороо мялааж явдаг хойч үе минь чин сэтгэлээсээ дурсаасай!