Зураач Б.Хонгорзул уран бүтээлийн шинэ үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн “Арт” галерейд гаргах гэж буй юм. Тэрбээр ахуй, соёл, хүүхэд, урлагийн сэдвээр зурдгийг мэдэх хүмүүс бий. Зураач энэ удаагийн үзэсгэлэндээ түүхэн сэдэвт бүтээлүүд дэлгэх нь анхаарал татлаа.
Хүүхдийн хиргүй тунгалаг, байгааг байгаагаар нь харж, хүлээж авдаг сэтгэл, үйл хөдлөлийг харцнаас нь нэвт хартал, үнсээд авмаар болтол илэрхийлдэг зураач түүхэн, Хүннүгийн үеийн хаан, хатан, харийн зочид, ахуй, орчин, үйлчин эмэгтэйчүүдийн аж байдлыг тухайн цаг үеийг тольдох мэт зурж илэрхийлжээ. Энэ талаар төгсгөлд дэлгэрэнгүй мэдээлэхийн өмнө Б.Хонгорзул чухам ямархан бүтээлүүдтэй уран бүтээлч болох талаар зургуудаас нь жишээ татаж хүргэе.
Мал, ахуйн ажил гээд гэртээ тогтохоор тааруу монголчууд эртнээс нааш хүүхдээ уяж, аюулгүй өсгөн торниулдаг байв. Малчин айлд яваад ороход хойморт нь уяатай хүүхэд нэг бол тоглож, үгүй бол унтаж байх. Хүүхдийг ийм, бусад үндэстэнд төдийлөн танил бус аргаар аюулгүй өсгөдөг тухай, түүний уяатай хүүхдийн зургаас хаанахын хэн ч авч болохоор.
Зураачийн бүтээлүүд дунд балетчин охидыг зурсан нь нэлээд байдаг. Балетчид мэргэжлийн сургуулийн сурагч, оюутан байж мэднэ. Үгүй бол энэ урлагт дуртай сонирхогч ч байж болох. Энхрий ялдам царайг нь сайтар ажваас бага зэрэг залхуурсхийсэн, гэхдээ дасгалаа хийхгүй бол болохгүй гэдгийг мэдээд байгаа цагаахан, гэгээхэн төрхтэй охид сэтгэл татам байдаг юм. Б.Хонгорзулын бүтээлүүд өөр өөр цаг үед төрсөн ч цаад нигуур нь нэг, хайр, эерэг бүхнээр дүүрэн байдаг гэлтэй. Он цагийн хувьд хоорондоо нэлээд зайтай ч, хэдэн жилийн өмнөхтэйгөө холбоотой ч юм шиг. Яагаад ч юм хуруугаа хөхөөд сууж байсан уяатай хүүхэд том болоод балетчин болчихсон мэт санагдах. Эцэг, эх нь хайрлаж, эрхлүүлж өсгөсөн охиноо гоё бүсгүй болгох гээд балетаар хичээллүүлж байгаа ч юм шиг.
Б.Хонгорзул Бээжин хотын Уран зургийн академийг 1995 онд төгссөн. Түүнээс хойш уран бүтээлийн үзэсгэлэн олон удаа гаргасан бөгөөд хүүхдийн тухай сэдвийг огт орхиогүй. Улам шимтэх болсон. Хүүхэд, хүүхэд нас, хүүхдийн бодол, сэтгэл, хүсэл, мөрөөдөл бол ариун, гэгээн бүхний дээд, өөрөөр хэлбэл бурханлаг, тэнгэрлэг оршихуй юм гэсэн ойлголттой болсон цагаас эхэлж оюун бодол дахь сахиусан тэнгэр мэт хүүхдүүдээ аль байдгаараа энхрийлж, хайрлах болов. Түүний сахиусан тэнгэрүүд яг л эхийн хэвлийд амар амгалан буй мэтээр цэцгийн дэлбээн дунд зүүрмэглэн, инээвхийлэн оршдог. Зарим нь зүүдэндээ ярьж буй мэт харагддаг. Энэ сэдвийн зургуудыг нь зарим хүн “ад үзэн”, дандаа л хүүхэд зурж байх юм, уйддаггүй юм уу гэж асуусан удаатай аж. Б.Хонгорзулын цуврал бүтээлүүд дэх бурханлаг төрхтэй, хуруугаа хөхсөн, хөлөө эвхсэн, үнэгчилсэн хүүхдүүд бол амар амгалангийн бэлгэдэл билээ.
Зураач балетад дуртай гэж түрүүнд дурдсан. Түүний үзэсгэлэнт хун шувууд хараа булаам гоо бүсгүйчүүд болон хувирах зургийг харахад “Хунт нуур” балетаас сэдэвлээ юм болов уу гэхээр. Энэ тухай өөрөөс нь асуухад “Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө харж, хүлээж авах биз дээ. Буриадууд угсаа гарвалиа хун шувуутай холбож тайлбарлах нь бий. Ном бүтээлүүдэд тэгж бичсэн нь олонтоо. Хүн нас нэмэх тусам өөрөө өөрийгөө таньж мэдэх гэдэг бололтой юм. Бидний өвгийн өвөг, тэдний өвгийн өвөг нь хун шувуу юм биз дээ гэсэн бодлын дүнд ийм зурагтай болсон” гэж байлаа. Монгол үндэстнийг бүрдүүлэгч нэгэн ястны угсаа гарваль нь хун шувуу юм байж. Энэ сэдвээр бүтээл туурвихдаа ийм нандин зурах нь балетын урлагт үнэн голоос дуртай Б.Хонгорзул л байх гэхээр. Хун шувуу нуурын мандалд бууж, гоо бүсгүй болон хувирах явцыг агшин бүрээр нь төсөөлөн зурсан нь үлгэрийн мэт атлаа үнэн ч юм шиг. Шувууны байдал, хүн болж хувирах явц дахь бүсгүйн биеийн галбир, үс гэзэгний сайхан, үйлдэл хөдөлгөөний уян налархай зэрэг нь гоо сайхны бэлгэдэл мэт.
Сүүлийн үед Б.Хонгорзул арай өөр сэдэвт анхаарч эхэлснийг нь анзаарч байлаа. Монголын түүх уншиж, эрдэмтэн, докторуудын бүтээл туурвилыг шимтэн сонирхож байв. Хойд хөршид зорчоод ирэхэд нь уулзаж, ямар зорилготой явсныг асуухад “Орост очиж хоёр, гурван музей үзсэн юм. Ялангуяа Эрмитажийн Монголын түүхийн хэсэгтэй тухтай танилцах хэрэгтэй байлаа. Ноён уулын булшнаас олдсон эд өлгийн зүйлсийг нүдээр үзэхийг зорьсон” гэж байв. Түүнээс хойш хэсэг чимээгүй байсан нь урландаа бүтээлээ туурвиад нам суусан юм санж. Өнгөрсөн өвөл Хүннүгийн сэдэвтэй бүтээлүүд дээр ажиллаж байгаа гэж дуулаад очтол хос цагаан морь хөлөглөн, сүйх тэрэгтэй хурдалж яваа хатан зурчихсан байлаа. Ард нь одоогийн хэллэгээр бие хамгаалагч яваа бололтой.
Хатан үүлэн дээр хөвөх мэт, эсвэл тэнгэрээс бууж ирж буй ч юм шиг. Хэд хоногийн өмнө уран бүтээлийн үзэсгэлэн гаргах гэж байгаа тухай нь сонсоод мөн л “давхиад” очлоо. Хүннүгийн хааны өргөө, тэр үеийн үйлчдийн өрөөг төсөөлөн дүрсэлсэн том хэмжээний хоёр бүтээл нэмчихсэн байв. Эдгээр шинэ гурван зургаа удахгүй Урчуудын эвлэлийн “Арт” галерейд гаргах үзэсгэлэндээ дэлгэх гэнэ. Реалист уран зургийн арга барилаар бүтээсэн, элдэв гажуудал, зөгнөлгүй, яг л тухайн цаг үеийн монголчууд буюу бидний өвөг дээдэс хүннүчүүдийн хааны ордон хавьд амьдрал, ахуй орчин нь ийм л байсан болов уу гэхээр бүтээлүүд ажээ.
Зураач Монголын түүх судлаад байсан нь ийм учиртай аж. Чухам яагаад Хүннү гэсэн сэдэв сонирхлыг нь татсан талаар түүнээс асуусан юм. Б.Хонгорзул “Археологич эрдэмтэн, саяхан Шинжлэх ухааны гавьяат ажилтан болсон Д.Эрдэнэбаатар болон түүний ахалсан багийнхны ажил, олдвортой танилцсан цагаас хойш энэ сэдвийг байнга бодох болсон. Манайхан Чингис хаан гэж шуугиад, одоо ч намжаагүй, үргэлжилсээр байгаа. Гэтэл Монгол Улсын маань түүх ямар баялаг билээ. Түүхийн нугачаа бүрт өөр өөрийн баатарлаг үйлстэй, түүхэн мөртэй хаад, хатад улс гүрнээ удирдан захирч байсан. Тэдгээрийн дотор манай эриний өмнөх 400-300-гаад оны Хүннү улсын тухай өнөөдрийн бид хэтэрхий бага мэддэг юм байна гэсэн бодол төрсөн юм.
Ялангуяа эрдэм шинжилгээний ажилтнуудын, Хүннүгийн хаадын булшнаас гаргаж ирсэн түүх, соёлын дурсгал болсон эд хэрэглэлүүд гойд анхаарал татсан. Үнэндээ надад тухайн үеийн ихэс дээдэс тийм баян тансаг амьдарч, өөрсдөө алт хайлуулж гоёл чимэглэлийн зүйлсээ хийдэг, өөрсдийгөө бүү хэл унаж явдаг морио хүртэл алтаар гоёдог байсан гэдэг ойлголт, мэдээлэл байгаагүй болохоор их гайхсан. Бид Чингис хаан Их Монгол Улсыг 800 гаруй жилийн өмнө байгуулсан гэж сайн мэддэг болж. Тэр үеэс хойших хаад, ноёдын түүхийг бага сага гадарладаг. Хүннүчүүдийн тухай мэдээлэл харьцангуй бий л дээ. Гэхдээ тэднийг зэрлэг балмад, бараг л мал, амьтны арьсыг тэр чигээр нь нөмөрсөн, дайтаж, тулалдахаас өөр юм мэддэггүй байсан мэтээр ойлгодог. Гэтэл XX зууны эхэн үед Ноён уулын булшнаас олдсон эд өлгийн зүйлс, түүний дотор ихэс дээдсийн дээл хувцас, хатдын толгойн чимэглэл, хивс зэргийг харахад тэр үед гар урлал өндөр түвшинд хөгжсөнийг мэдэж болно.
Амьтдын дүрслэл, хээ угалз, хивсний нэхээс тун уртай болохыг харж болно. Тэртээ 2000 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс ингэж амьдарч, урлагийг бүтээж байжээ гэдгийг уран бүтээлдээ тусган харуулахыг зорилоо. Түүх судлаач эрдэмтдээс зөвлөгөө авах хэрэг их байна. Ялангуяа нэртэй археологич Д.Эрдэнэбаатар ахад Хүннүгийн хааны булшнаас олсон түүх, соёлын эд өлгийн зүйлстэй сайтар танилцах боломж олгож, өөрөө тайлбарлан ойлгуулж, зураг бүтээх явцад ирж харан, шүүмж хэлж, бас надад итгэсэнд маш их баярлаж байна. Түүхийн сэдэв шинэ, сонирхолтой юм. Цаашид зурна гэж бодож байгаа. Өөрийгөө нэг л өөрөөр мэдрэх болсон” гээд инээсэн юм. Түүнд “Зураач Б.Хонгорзул мэргэжлийн хувьд сэргэн мандалтын үедээ алхан оров биш үү” гэж хэлэхэд “Арай ахдана аа. Гэхдээ нээрэн би ийм сэдвээр зурж эхэлсэндээ баяртай байгаа. Дараагийн бүтээлүүдийн санаа хэдийн бэлэн болсон. Чадал хүрвэл оролдоод л сууна даа” гэсэн юм.