Монгол Улс яам, Тамгын газруудынхаа дэргэд Анагаах ухааны, Боловсролын, Гамшиг судлалын, Нийгмийн эрүүл мэндийн, Үндэсний хөгжлийн, Ус цаг уур, орчны, Усны судалгаа, хөгжлийн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний гэхчлэн 10 гаруй хүрээлэнтэй. Үүнээс гадна Шинжлэх ухааны академийн харьяа 12 хүрээлэн бий. Цаашлаад их, дээд сургуулиудад харьяалагддаг Дулааны техник, үйлдвэрийн экологийн, Нэхмэлийн, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний, Математикийн, Уул уурхайн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний зэрэг 13 хүрээлэн байна. Эдгээрийн зэрэгцээ Молекул биологийн эрдэм шинжилгээний төв зэрэг хэд хэдэн байгууллага шинжилгээ, судалгаа, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингээд зогсохгүй өөрийн гэсэн судалгааны хүрээлэн, төв, лабораторитой хувийн компани цөөнгүй. Мэдээж, эдгээр хүрээлэн, төвд ажилладаг эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд улсынхаа хөгжлийн төлөө тархиа “нэрэн” суугаа. 2008 оноос Засгийн газрын шийдвэрээр шинжлэх ухааны нээлт хийсэн, шинэ технологи бүтээсэн хүмүүсийг шалгаруулж, шилдгийг нь 100 сая төгрөгөөр урамшуулан шагнадаг болсон. Энэ бүхнээс харахад Монгол инновац, техник, технологийн хөгжлийг тултал нь дэмждэг, шинжлэх ухаанч бодлоготой сүрхий улс байгаа биз.
Гэхдээ төр, засаг үнэндээ шинжлэх ухааны хөгжилд, эрдэмтэн, судлаачдаа дэмжих тал дээр дэндүү хойрго, мэдрэмжгүй хандсаар ирснийг хэлэх хүн олон байна. Бразилын физикч, улстөрч асан Жозе Гольденберг хөгжил дэвшлийг тодорхойлохдоо боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн шинжлэх ухаанч цогц систем гэсэн байдаг. Түүнийхээр бол хөгжилд хүрэхдээ гадаадын том гүрнүүдийн туршлагыг хуулбарлах бус, дотоодын эрдэмтэн, судлаачид нь өөрийн оронд тохирсон технологи бий болгож, түүнийг нь хөгжүүлэн, нэвтрүүлэхэд төр, засаг санхүүгээр дэмжих үүрэгтэй. Ингэж чадвал үндэстнийхээ хамгийн чухал баялаг болсон боловсрол, мэдлэг, эрдэмтэй хүмүүсээ гадагш алдахгүй, “үхүүлэхгүй” байх боломжтой. Амьд байлгана гэдэг нь тухайн оюуны ундаргыг таслахгүй өгөөжийг нь хүртэнэ гэсэн үг аж.
Тэгвэл манайхан үүнээс эсрэгээрээ яваад байна уу гэлтэй. Шинжлэх ухаандаа төсвөөс мөнгө хуваарилсан нэртэй “үнэртүүлээд” л орхидог. Монгол Улс ДНБ-ийхээ 0.2 орчим хувийг шинжлэх ухааны хөгжилд зарцуулдаг гэсэн статистик үүнийг батлах хангалттай баримт. Энэ бол онцгой муу үзүүлэлт. Үүн дээр нэмээд Монгол Улсын ДНБ тун бага гэдгийг санах учиртай.
Ийм байхад энэ салбарынхан хангалттай “хооллох уу”. Энэ хэмжээ нь 0.4 хувиас бага байвал тухайн улсын хөгжлийг тодорхойлоход хүндрэлтэй гэсэн гашуун үг байна. Энэ онд Засгийн газар шинжлэх ухаанд 34.6 тэрбум төгрөг хуваарилсан нь өмнөх жилийнхээс жаахан ахисан хэдий ч Азийн орнуудын дунджаас 10 дахин бага дүн аж. Харин өндөр хөгжилтэй улсууд шинжлэх ухааныг хөгжлийн тулгуур гэж үзэж ДНБ-ийхээ багадаа хоёр хувийг зарцуулдаг байна. Жишээлбэл, эл үзүүлэлтээр Швед (3.41), Япон (3.3) улс толгой цохиж байна.
Шинжлэх ухааны байгууллагуудад төсөв хуваарилахдаа судалгаанд зориулах мөнгийг нь бодолцож, шийдэх ёстой санагдана. Тэгэхгүй болохоор улсаас өгсөн “үмх” талхыг хэрхэн хүргэх нь тухайн байгууллагын удирдлагын толгойны “өвчин” болдог гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, дээр дурдсан 34.6 тэрбум төгрөгийг задлаад үзэхэд шинжлэх ухааны байгууллагуудад хуваагдсаар нэг газарт “шүдний чигчлүүр”-ийн чинээ нь хүртэнэ. Түүнийгээ нөгөөх байгууллагынхан эрдэм шинжилгээний ажилд гэхээсээ илүүтэй цалингаа тавихад л зарцуулаад дуусдаг зовлонтой юм байна. Ганц жишээ гэвэл, манай шинжлэх ухааны толгой байгууллага ШУА-д энэ жил 14 тэрбум төгрөг ногдсон аж. Үүний дийлэнх буюу 80 орчим хувь нь цалин болон үйл ажиллагааны урсгал зардалд “явчихна”. Эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд чадвал долоогоод, чадахгүй бол үнэртээд л өнгөрдөг гэсэн үг. Үүнээс гадна төсөвт төчнөөн төгрөг суулгасан гэдэг ч “гар дээр” очихдоо хэдэн хувь багасдаг жишиг байдгийг хүрээлэнгийн удирдлагууд учирлаж байлаа.
Засгийн газар 2016-2020 онд шинжлэх ухааны салбарын төсвийг тав дахин нэмнэ гэж хөгжлийн хөтөлбөртөө тусгасан ч өмнөхөөсөө дорвитой нэмэлгүй энэ оныг авлаа. Ирэх хоёр жилд хэр нэмж төсөвлөхийг таашгүй. Уг нь нийгмийн сүлжээгээр цацагдаж байгаа нь үнэхээр баталгаатай бол идэж, уусан, шамшигдуулсан гээд байгаа хэдэн зуун тэрбум төгрөгийг хэдхэн улстөрчөөс улс буцаагаад авчихвал энэ салбарт, цаашлаад өч төчнөөн цэцэрлэг, сургууль, зам барихад зарцуулах сан. Энэ бол миний үг биш, олон эрдэмтний халаглал гэдгийг онцлон дурдъя.
0.2 хувийг багадаа 1.5 хувь болгон өсгөхөд л монгол эрдэмтэд маань үйлдвэрлэлийн салбарыг шинэ технологиор “цатгах” боломжтой, чадавхтай гэсэн. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар харанхуйд нөмрүүлээд балрах шахсан. Ганц ДЦС нь доголдоход л үндэсний хэмжээний гамшиг нүүрлэх хэмжээнд очиж байгаа Монгол уг нь эрчим хүчний асар нөөцтэй орон. Юу хамгийн хангалттай, тэгээд бас үнэгүй байна бидэнд. Нар, салхи. Байгалийн нөхөн сэргээгдэх эл үүсвэрээ ашиглан цахилгаан, дулааны асуудлыг шийдээд, бүр экспортлох боломжтой ч эрчим хүчээ импортолсоор байна. Гэтэл эрдэмтэд маань энэ асуудлыг шийдэх боломжтой, тэр ч бүү хэл хөгжлийн загвараа хүртэл гаргаад хэдэн жил болжээ.
Санаачилга, бүтээл нь өнөөдөр мөнгө, санхүүгээс шалтгаалан хөсөр хэвтэж байгааг, арайхийж дэмжигдсэн цөөн хэд нь хугас мөнгөөр урагшлахад бэрх байгааг аль ч салбарын эрдэмтэн, судлаач нар ам уралдан ярьдаг. Шинжлэх ухааны үр өгөөжийг ойлгох хүн бодлого гаргагчдын дунд ер нь байна уу гэж халаглах, егөөдөх нэгэн ч байна. Өөрийн болон төслийнхөө нэрийг хэвлэлд гаргахыг хүсээгүй хэд хэдэн эрдэмтэн, судлаачтай ярилцахад бүгд л “Судалгаанд зарцуулах мөнгийг улс “цавчиж”, дутуу өгчихөөд, 100 хувийн үр дүн шаарддаг нь байж болохгүй асуудал” хэмээж байлаа. Яг ийм “зовлонтой” тулсан Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд малаа эрүүлжүүлэхэд тулгарч буй асуудлыг хөндөж, эм, бэлдмэл, тарилгын талаарх судалгаа хийх төсөл боловсруулаад, үүнд шаардагдах мөнгөн дүнгээ гаргажээ. Гэтэл “дээгүүр” мөнгийг нь хоёр дахин багасгаад баталчихсан гэнэ. Тэгсэн хэрнээ үр дүнгийн үзүүлэлтийг 100 хувь байлгахаар заачихсан байх юм. “Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мөнгө төсөвлөж, хуваарилж өгсөн нь их юм гээд ханцуйдаа “залбираад” ажлаа хийнэ” гэсэн тэд яаж ийгээд л болгох байх. Гэхдээ шинжлэх ухааны ажлыг хэдий болтол ингэж “үнэртүүлчихээд” “цадтал идээрэй” гэдэг зарчмаар явах юм бэ.
Цалин, хангамж, ажил нь бодит үр дүн болоход хэрэгцээт санхүү гэдэг бол хүний нийгэмд хамгийн чухал, магадгүй нэгдүгээрт жагсах хэрэглээ. Тиймээс л өөрийн улсад үнэлэгдэхгүй бол залуу боловсон хүчин, эрдэм чадалтай хүмүүс гадаад руу илүү сайн нөхцөл хайгаад гардаг үзэгдлийг зогсоох гол хөшүүрэг нь тэднийг үнэлэх, ажлыг нь дэмжих төрийн бодлого гэдгийг Ж.Гольденберг онцолсон байдаг. Ийм зовлон Монголд нүүрлээд удсаныг бид мэднэ. Сайн боловсролтой, залуу эрдэмтэн судлаач, горилогчид том байгууллага түшиж, илүү боловсорч, сурч мэдэхийн төлөө, нөгөөтээгүүр санасан сэдсэнээ хэрэгжүүлэх нөмөр нөөлөг хайж гадаадын аль нэг орныг зорьж байна. Улсын байгууллагын чадварлаг боловсон хүчнүүдийг ч хувийнхан “урвуулдаг” нь үүнтэй холбоотой.
Засгийн газар шинжлэх ухааны салбарын ойрын 20 жилийн стратеги, хөгжлийн концепц боловсруулах ажлын хэсэг байгуулах талаар Ц.Цогзолмаа сайд жилийн өмнө ярьж байсан санагдана. Уг нь бодлогын концепц нь тодорхой болчихвол төсөв хөрөнгө, боловсон хүчин, эрдэмтэн, судлаачид болон улстөрчдийн оролцоо гээд бүх зүйл дагаад цэгцрэх учиртай. Дэлхийн жишгийг харахад хөгжингүй улсууд шинжлэх ухааны бодлогодоо дулдуйдан шийдвэр гаргадаг юм билээ. Харин бид мөнгөтэй улстөрчдийн өөртөө зориулсан бодлого, шийдвэрийг даган, тэдний “чулуудсаныг” идээд, талдаа бэлчээрлэх таван хошуу мал шигээ “налгар” амьдарч байна. Ийм байхад хөгжил, тэр дундаа шинжлэх ухааны тухай яриад хэрэг байна уу.