ЕРӨНХИЙЛӨГЧ ЭХ ОРНООСОО МОРДЛОО
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцох тов аль хэдийнэ тодорсон. Харин албан ёсны мэдээлэл нь өчигдөр гарлаа. Энэ сарын 11-13-нд болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор Владивостокийг зорьсон Төрийн тэргүүнийг монголчууд багагүй хүлээлттэйгээр үдэж буй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцох аж. Манай Ерөнхийлөгч чуулга уулзалтын үеэр бусад орны төр, засгийн тэргүүнтэй өндөр дээд хэмжээний уулзалт хийх, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт товлосон талаар хэд хоногийн өмнө тодорхой болсон ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байсан юм.
Тэгвэл энэ нь тодорхой боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон бусад орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж буй аж.
ҮҮССЭН ХҮЛЭЭЛТ
Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа эхлүүлэх, өргөжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төр, хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улсын бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой гэж албаныхан хэлж буй.
Х.Баттулга өнгөрсөн онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод анхны гадаад томилолтоо ОХУ-ын Владивостокийн чуулга уулзалтаас эхэлсэн юм. Уг томилолтоос Х.Баттулга ганзага хоосонгүй ирсэн билээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавьж, ярилцсан байдаг.
Мөн энэ үеэр нисдэг тэргээр Восточный боомтод очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Эндээс Ерөнхийлөгч төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг авчирсан нь хамгийн том үр дүн байлаа. Тодруулбал, өнгөрсөн жилийн Владивостокийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа тохиролцсоны дагуу “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээг Улаанбаатарт амжилттай зохион байгуулсан.
Энэ үеэр ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Үүнийгээ эцэслэн ажил хэрэг болгох талаарх яриа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр өрнөнө. Дээрх хэлэлцээрийн дагуу Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4, чингэлэгт 52 хувийн хөнгөлөлт эдлэх юм.
Х.Баттулга, В.Путин нар өнгөрсөн жилийн Владивостокийн чуулга уулзалтын үеэр Алс Дорнодыг хамарсан эрчим хүчний болон дэд бүтцийн томоохон сүлжээнүүдийг байгуулах талаар ярилцсан. Мөн манай талын санаачилгаар тус бүс нутагт Оросын дэд бүтэц, Японы худалдан авалтыг ашиглаж Монгол Улс хожъё гэдэг агуулгаар Монгол Улс, ОХУ, Японы хамтарсан компани байгуулах талаар тохирсон билээ.
Харин энэ удаагийн айлчлалаас ямар олз, омогтой ирэх бол гэсэн хүлээлт алт хэдийн үүссэн. Хамгийн их найдлага тавьж буй зүйл нь хоёр хөршийн байгуулж буй эдийн засгийн коридор, нефтийн болон хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах талаар дахин сайн мэдээ дуулгах болов уу хэмээн харж буй билээ.
БНХАУ-ын ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдааны үеэр Х.Баттулга, В.Путин нар уулзахад хойд хөршийн Ерөнхийлөгч “Монгол түншүүд маань Оросоос Хятад руу татах нефть, байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар барих санал гаргасан. Энэ бол сайхан санаа. Эрчим хүчний салбарт хамтрах таатай боломж.
Бид дэмжинэ. Гэхдээ энэ нь том төсөл тул техник, эдийн засгийн үндэслэлийг нь маш сайн бодож, боловсруулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Энэ нь бидний хувьд тун таатай мэдээ билээ. Хоёр хөршийн Төрийн тэргүүнээс энэ талаар дахин нааштай үг сонсож, албан ёсоор ажил хэрэг болгоход нэг алхам дөхвөл энэ удаагийн Ерөнхийлөгчийн томилолтын түүхэн гавьяа болох билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын зорьсон Владивостоктоос сайн мэдээ хүлээх л үлдлээ.