Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх долоо хоногт ОХУ-ын Владивосток хотыг зорино. Тэрбээр энэ сарын 11-13-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм. Владивосток хотод дөрөв дэх удаагаа болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин санаачилсан бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлж, дэлхий нийтээрээ анхааран ажигладаг томоохон арга хэмжээний тоонд ороод байна. Олон орны төр, засгийн тэргүүнийг нэгэн дээвэр дор цуглуулдаг эл чуулга уулзалтад манай улс ч чухал ач холбогдол өгөн оролцож ирсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анхны гадаад томилолтоо энэ форумаас эхэлсэн нь үүний нэг илэрхийлэл биз ээ.
Дэлхий дахины бодлогыг тодорхойлдог “томчууд” чуулдаг Давосыг алгассан Х.Баттулга энэ жил хоёр дахь удаагаа Владивостокыг зорих нь. Энэ удаагийн чуулга уулзалтаас монголчууд багагүй зүйл хүлээж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай Владивостокт уулзахаар болсон тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн нь энэ хүлээлтэд хүч нэмж буй юм. Орон орны удирдагчтай богино хугацаанд боловч уулзаж, яриа хэлэлцээ хийх боломжийг иймэрхүү чуулга уулзалтууд олгодог. Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ч өндөр, дээд хэмжээний уулзалтууд болно. Тэр дундаас хамгийн их хүлээлт үүсгэж буй нь В.Путинтэй хийх уулзалт болоод байна.
Учир нь өнгөрсөн хавар БНХАУ-ын Чиндао хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн XVIII уулзалтаас хойш ОХУ, Монголын Ерөнхийлөгч нар анх удаагаа уулзах гэж байна. Тиймээс Чиндаод эхлүүлсэн яриа Владивостокт үргэлжилнэ гэж таамаглаж, олон жил хоосон ярианаас хэтрээгүй “Монгол, Орос, Хятад гурав хамтарч 32 том төсөл хэрэгжүүлнэ, Улаанбаатараар төв коридор, Чойбалсангаар зүүн коридор, Увс, Говь-Алтай, Их нууруудын хотгороор баруун коридорыг дайруулж, цахилгааны шугам, төмөр болон автозам, хийн болон нефтийн хоолой зэрэг бүтээн байгуулалт хийнэ” гэх мөрөөдөл Х.Баттулгын үед ажил хэрэг болчих юм биш биз хэмээн найдлага тавьж байгаа юм.
Сануулахад, Чиндаод болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд гурван талт уулзалт хийх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгох цаг болсон гэж үзэж буйгаа онцолж, “Гурван талын үзэглэсэн “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай.
Хамтарсан механизм бий болж байж гурван талын хооронд уулзалт, мэдээлэл солилцоо идэвхжиж, хэрэгжих явцыг түргэтгэх юм. Нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүд, тухайлбал, Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгохын төлөө илүү их идэвх чармайлт гаргахыг уриалж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх саналыг миний бие дэвшүүлж байна.
...Харин В.Путин Х.Баттулгатай хоёр талын уулзалт хийх үеэрээ Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь дээрх яриаг ажил хэрэг болгоход шийдвэрлэх үүрэгтэй хоёр хүний нэг нь нааштай үг хэлсэн анхны тохиолдол болсон юм...
Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой. Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх, аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, тэндээс хамтдаа хожих болон манай улсаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг хоёр тал хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” гэсэн.
Харин В.Путин Х.Баттулгатай хоёр талын уулзалт хийх үеэрээ Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь дээрх яриаг ажил хэрэг болгоход шийдвэрлэх үүрэгтэй хоёр хүний нэг нь нааштай үг хэлсэн анхны тохиолдол болсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ үгийг улам баталгаажуулж, барьцаа ахиулах боломжийг Төрийн тэргүүн маань Владивостокт эрэлхийлэх нь дамжиггүй. 20 шахам жил үргэлжилж, үе үеийн Төрийн тэргүүн нар хоёр хөршийн удирдагчтай уулзах бүртээ сануулж, царай алдаж явдаг “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын хөгжил хэдэн алхмаар урагшилж, эдийн засагт ногоон гэрэл асах юм. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж буй Ерөнхийлөгчийн ажилд амжилт хүсье.
Мөн өнгөрсөн жилийн Владивостокын чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа тохиролцсоны дагуу “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээг Улаанбаатарт амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Үүнийгээ эцэслэн ажил хэрэг болгох талаарх яриа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр өрнөнө. Дээрх хэлэлцээрийн дагуу Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт 66.4, чингэлэгт 52 хувийн хөнгөлөлт эдлэх юм.
Энэ мэтчилэн хүлээлттэйгээр Ерөнхийлөгчөө мордуулж байна. Владивостокын чуулга уулзалтын хүрээнд 2016 онд 1.85 их наяд рубль буюу 32 тэрбум ам.доллароор хэмжигдэх 216 гэрээ хэлэлцээр байгуулагдсан бол өнгөрсөн онд 1.2 их наяд рубль буюу 20.8 тэрбум ам.долларын 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн гэсэн тоо бий. Энэ онд уг форумын цар хүрээ улам өргөжиж, тоон үзүүлэлтүүд нь өсөх биз. Үүн дотор Монголд хамаатай гэрээ, хэлцэл олон байгаасай.