Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАЙР СУУРЬ: Ажил олгогчдод санхүүгийн дарамт үүсгэх олон заалт оруулсан

1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ шинэчлэн батлах гэж буй. Уг шинэчилсэн найруулгын төсөлд одоогийн хуулиар зохицуулаагүй олон асуудлыг тусгасан сайн талтай ч анхаарах зүйлс бий хэмээн “Оюутолгой” компанийн ерөнхий зөвлөх С.Надя өгүүлэв. Тэрбээр “Улс орны эдийн засгийн гол хүч, татвар төлөгч болох ажил олгогч нарт улам их ачаалал, хүндрэл учруулах олон заалт оруулсан. Тухайлбал, хуулийн үйлчилж эхлэх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр тогтоож, зургаан сарын хугацаа өгч байгаа нь үүнийг мөрдөх аж ахуйн нэгжүүдийн бодитой нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тусгасан зохицуулалт болж байна. Хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Уртын ээлжийг 14/14 болгосноор ажил олгогч нь одоо байгаа ээлжийн ажилтнуудаас гадна дахин нэг бүтэн ээлж шинээр нэмж авах шаардлагатай болох юм. Шинээр нэмэгдэх ээлжид ажиллах олон ажилтныг сонгон шалгаруулахад хамгийн багадаа зургаан сар зарцуулна. Мөн тэднийг уул уурхайн хүнд машин механизм, техниктэй харьцах, аюулгүй ажиллагааны сургалтад зайлшгүй хамруулах шаардлагатай. Үүнд доод тал нь дахиад зургаан сарын хугацаа шаардлагатай. Хуулийн төсөлд оруулж буй өөрчлөлтүүдийн улмаас байгууллагын зардал нэмэгдэнэ. Компаниуд төсөвтөө нэмэлт зардлыг тусгаагүй байж таарна. Үүнийг ирээдүйн төсөв тооцоондоо тусгах, батлуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай” гэв.

Мөн “Цар тахлын тархалт, бизнест үзүүлэх нөлөө их байгаа тул ажил олгогчдын хувьд энэ цаг үед аливаа ажлыг хэрэгжүүлэх хугацаа, ажлын ачаалал ердийн үеийнхээс нэмэгдсэн. Тухайлбал, ажилтнуудыг ээлжээр ажиллуулахын тулд тусгаарлалтад хамруулж, шинжилгээ өгүүлэх, нислэгийн зохицуулалт хийх зэрэг шаардлага тулгарсан. Иймээс хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг мөрдөж эхлэхээр заасан хугацаа хэт тулсан, бодитой буc, хуулийг бүхэлд нь, зөв зохистой хэрэгжүүлэх ямар ч боломжгүйг тооцоолоогүй байна. Бас бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцон бодохоор байгаа нь бизнесийн төдийгүй төрийн байгууллагад санхүүгийн ихээхэн дарамт үүсгэхээр байна. Ажил олгогч дотоод журмаа хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн батлуулах гэсэн нь ажил олгогчид бие даан зохицуулалт хийх нөхцөлийг хаасан заалт болсон. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн, удаан жил ажилласны, мэргэшлийн зэргийн гэх мэт нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хамтын гэрээ, хэлэлцээр зэрэгт нийцүүлэн тогтоохоор заасан. Үүний улмаас Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөл гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын аль алинд нь таагүй болж, тэднийг үргээхээр байна. Цар тахлын сөрөг нөлөөг бага байлгахыг зорьж байхад ажил олгогч, үйлдвэрлэгчдэдээ саад тотгор болсон, дампуурал руу түлхсэн олон заалт оруулж буй нь цагаа олоогүй хуулийн шинэчлэл болж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Бэлтгэсэн: Ц.Ундрал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.