Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улиралын тойм мэдээллээ өнөөдөр танилцууллаа.
Тус хорооны зохицуулалттай санхүүгийн салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 22.1 хувь хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 13.4, даатгалын зах зээл 1.2, банк бус санхүүгийн байгууллага 6.7, хадгаламж, зээлийн хоршооны салбар 0.8 хувьтай байна. Хороо чиг үүргийнхээ хүрээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 3489 зохицуулалттай этгээд, 2388 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалт тавьжээ.
Хөрөнгө зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеийнхээс 91 хувиар өсөж, 4 мянга орчим тэрбум төгрөгт хүрлээ
Хувьцааны хөрвөх чадвар 3.7 хувь хүрсэн өсөлт үзүүлсэн байна. ТОП-20 индекс 42 937.26 нэгжид хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт болж байна.
Гуравдугаар улиралд нийт 1.1 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалжээ. Үүний 78.7 хувийг компанийн бонд, 16.2 хувийг хувьцаа, 4.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэлж буй аж. Үүнээс гадна Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеийнхээс 42.3 хувиар өсөж, 5 төрлийн 672.1 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагджээ.
Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 13.8 хувиар өсөв
Ингэснээр 444.6 тэрбум төгрөгт хүрч, нөөц сан 12.4 хувиар өсөж 202.8 тэрбум төгрөгт хүрлээ.
Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсөж 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсөж 75.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөж 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлж байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 1.9 хувиар буурч 3.3 саяд хүрчээ.
531 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өссөн үзүүлэлт юм
Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол нийт харилцагчийн тоо давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн.
Финтекийн харилцагчдын тоо 4.2 сая буюу нийт харилцагчийн 93.2 хувь байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь боллоо.
Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 1.1 сая төгрөг бол финтекийн гар утас буюу аппликейшнээр олгосон дундаж зээл 142.1 мянган төгрөг байна. Финтекийн зээлдэгчид 1.3 сая буюу нийт зээлдэгчийн 81.2 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багцад чанаргүй зээлийн эзлэх хувь 8.3 буюу 146.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 пунктээр буурсан байна.
Хадгаламж зээлийн хороодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 23.5 хувиар өсөж, 289.4 тэрбум төгрөгт хүрлээ
Үүний 203.8 тэрбум төгрөг буюу 70.4 хувийг хадгаламж эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеийнхээс 0.04 пунктээр буурч 1.42 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурч 2.25 хувь болсон байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсөж 208.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 34 296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35 763 байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд нийт 4190 хэлцлээр, 758.8 мянган м.кв талбай бүхий нийт 613.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлэв.
Харин нийт 1420 хэлцлээр 164.4 мянган м.кв талбай бүхий 13.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.
Гуравдугаар улиралд 264.2 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 466.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 39, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 235, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 125, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 65 байна.