Манай улс жил бүрийн 4-10 дугаар сард тухайн онд тавих зам, дэд бүтэц, барилга угсралтын ажлын 80 орчим хувийг гүйцэтгэдэг. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн үр дүнд барилгын салбарын бүтээн байгуулалт жил ирэх бүр өссөөр байна. 2010 онд эл салбарын үйлдвэрлэл 460 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнгөрсөн жил барилга угсралт, бүтээн байгуулалт, их засварт 4.7 их наяд төгрөг зарцуулсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Үүний 29 орчим хувийг бүх төрлийн орон сууц, үлдсэнийг нь орон сууцын бус барилга, инженерийн байгууламжууд барихад зориулсан аж. Тус салбарт хэрэгцээт түүхий эдийн ханш, нийлүүлэлт ямар байгааг сонирхлоо.
Монголд цемент үйлдвэрлэдэг томоохон таван компани үйл ажиллагаа явуулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг гэж тооцдог. Тэдгээр аж ахуйн нэгж сүүлийн гурван жилд зах зээлд жил бүр 1.2-1.3 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Үнийн хувьд нэг тонн нь энэ сард барилгын материалын “Хангай” зах болон бидний нэрлэж заншсанаар Гурвалжингийн гүүр орчимд НӨАТ-гүй дүнгээр 210 000-220 000 төгрөг байна. Энэ нь 2019, 2020 оныхоос 40-50 хувиар өссөн дүн гэнэ. Барилга угсралтын ажлын голлох түүхий эд цементийн үнэ ийнхүү нэмэгдсээр байгаад ямар нэгэн арга хэмжээ авч болох, эсэх талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Батзориг “Барилгын материал, түүхий эдийн үнийг аль болох хөөрөгдүүлэхгүй, хомсдол үүсгэхгүй байхад салбарын яам анхаардаг. Өнгөрсөн 4-7 дугаар сард цементийн үнэ тонн нь 280 000 төгрөгт хүрч, эрэлт ихэссэн. Тэгвэл өдгөө 210-220 мянган төгрөг байгаа бөгөөд үйлдвэрүүд 360 000 тонныг нөөцөлсөн тул үнийг нь эл дүнгээс өсгөхгүй байх нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн жижиг, дунд аж ахуйн нэгжүүд импортлон, бэлтгэн нийлүүлдэг палк, банз, хавтангууд болон төмөр хийцүүдийн үнэд төрөөс нөлөөлж чадахгүй гэж болно. Ялангуяа дэлхийн зах зээлд төмрийн үнэ өсөж буй учраас импортоор оруулж ирдэг арматурын өртөг нэмэгдсээр байна. Харин бид барилгын
материалын чанар, стандарт, бүтээгдэхүүний жинд хяналт тавих боломжтой” гэв.
Манай улс сүүлийн таван жилд жил бүр дунджаар 200 мянган тонн арматур хэрэглэсэн бөгөөд үүний 70 орчим хувийг импортолжээ. Дээр дурдсанчлан уг түүхий эдийн үнэ нэмэгдсээр энэ сард нэг тонн нь 2.1 сая төгрөгөөс давсан нь 2019 оны энэ үеийнхээс нэг дахин, өнгөрсөн жилийнхээс 15-20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь арматурын гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд чангарснаас шалтгаалсан хэмээн салбарын яам үзэж буйгаа хэллээ. Тухайлбал, олон улсын зах зээлд нэг тонн арматур өнгөрсөн оны аравдугаар сард 445.5 ам.доллар байсан бол энэ сарын 25-ны байдлаар 626.5 “ногоон”-д хүрч 37 орчим хувиар нэмэгдсэн гэнэ. Ингэснээр манай улсад 2020 оны арванхоёрдугаар сард дунджаар 1.7 сая төгрөг байсан тус бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар голдчоосоо хамаарч 2.1-2.2 сая төгрөг болжээ. Цаашид ч төмөр болон арматурын өртөг нэмэгдэх хандлагатайг Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооныхон дурдав. Харин дотоодоос нийлүүлж буй арматурын ханш яагаад нэмэгдсэн талаарх бодит тооцоолол байхгүй бөгөөд барилгын компаниуд Монголд үйлдвэрлэснийг нь худалдан авах сонирхол байдаг ч нийлүүлэлт нь хязгаарлагдмал гэдгийг барилга угсралтын “Зэмэст констракшн” компанийн захирал хэллээ. Тэрбээр “Энэ хавар үнэ нь огцом өссөн бүтээгдэхүүний нэг нь хөөсөнцөр боллоо. Урд хөршөөс нэг тонныг нь өнгөрсөн 9-10 дугаар сард 3.2 сая орчим төгрөгөөр авч байсан эл бүтээгдэхүүний үнэ таван саяас даваад байна. Ингэснээр хөөсөнцрийн нэг шоо метр нь 160 000 төгрөг байснаа 180 000-д хүрч, хагас жилийн дотор 20 хувиар нэмэгдлээ. Хөөс, хөөсөнцрийн үнэ сүүлийн таван жил тогтвортой байсан ч хилийн хорио цээрээс шалтгаалав уу БНХАУ-ын үйлдвэрлэгчид ханшийг нь нэмчихлээ” хэмээн ярив.
Дээр дурдсанчлан палкны үнэ өссөн нь тус материалын томоохон нийлүүлэгч Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, ОХУ-аас тээвэрлэх ажил удааширч, хот хоорондын зорчих хөдөлгөөн хааснаас болсон хэмээн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд байрлалтай “Хангай” захад модон материал борлуулагч Г.Уранзаяа хэллээ. Тэрбээр “Бүх төрлийн палк, банзны үнэ өнгөрсөн жилийн хаврынхаас 40-60 хувиар өссөн. Энэ нь хөл хорионы улмаас иргэдийн ажиллах, тээвэрт явахыг хязгаарласантай холбоотой, орон нутгаас мод ирэхгүй байна гэсэн үг. Тээвэрлэлт хэвийн байсан бол үнэ нь ингэж өсөхгүй байсан болов уу” гэлээ. Тус захад борлуулж буй OSB болон бусад хавтан, брус, хар цаас, замаск, дулаалгын материалуудын үнэ ч жилийн өмнөхөөс 20 хүртэлх хувиар өсжээ. Тодруулбал, нэг ширхэг OSB хавтангийн үнэ 18 000, хар цаас хаана үйлдвэрлэгдсэнээс шалтгаалж 21 000-24 000, замаск нэг уут нь 5000-7000 төгрөгт хүрчээ. Түүнчлэн бетон, өнгөлгөөний болон энгийн тоосгоны үнэ ч нэг жилийн дотор 20-40 хувиар нэмэгдсэн байна.
Эндээс харахад барилгын бараг бүх төрлийн материалын үнэ зургаан сараас нэг жилийн хугацаанд 20-60 хувиар нэмэгджээ. Мэдээж барилгын материалын үнэ өссөн нь орон сууцын ханш нэмэгдэх нэг шалтгаан болох нь дамжиггүй гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Барилгын материалын үнэ өссөн талаарх гомдол, саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж буй, эсэхийг тодруулахад энэ он гарснаас хойш ирүүлээгүй гэсэн юм. Хэрэв импортлогчид болон дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмбэл шалтгааныг нь тогтоох, ханшийг нь хямдруулах талаар албан бичиг, санал хүргүүлж, үр дүнд хүрэх боломжтойг тус газрынхан дурдлаа.