“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд олгох талаар яригдаж эхэлжээ. Энэ өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд тус компанийн 1072 хувьцааг олгоогүй билээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцааг хэчнээн хүүхдэд олгох талаар Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хүүхдүүдэд хувьцаа олгох санаачилга удахгүй ажил хэрэг болох байх” гэсэн юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших, эсвэл нэг сая төгрөгөөр бэлнээр авах болон сургалтын төлбөрөө даалгах сонголт өгсөн. Тэдний зарим нь сая төгрөг бэлнээр авах, сургалтын төлбөрөө төлүүлэх сонголт хийснээр тараахаар төлөвлөсөн хувьцааны тодорхой хэсэг үлджээ. Үүнийг шинээр төрсөн хүүхдүүдэд тараахаар зэхэж байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 5.3 хувийг хүүхдүүдэд олгох гэнэ. Өөрөөр хэлбэл, 795 сая ширхэг хувьцаа таарах юм байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, өнгөрсөн есөн жилд 700 мянга орчим хүүхэд мэндэлжээ.