“Эрдэнэс Тавантолгой” компани төмөр зам тавих, нүүрс баяжуулах үйлдвэр, ДЦС барихад зарцуулах хоёр их наяд төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн. Тус компанийн Үнэт цаас, санхүүжилтийн газрын дарга С.Ашидмөнх, үндсэн андеррайтер “БиДиСек” компанийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, туслах андеррайтер “ЭмАйСиСи”-гийн захирал С.Гантулга нар өнгөрсөн баасан гарагт Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай уулзаж, бонд гаргах хүсэлтээ уламжлав. Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бонд гаргах зөвшөөрлийг богино хугацаанд олгох бодлого баримталж буй. Тиймээс зөвшөөрлийг удалгүй олгоно гэж шинжээчид дүгнэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон оптик буюу нүүрсээ урьдчилан хямд үнээр борлуулахаас бонд гаргасан нь зардал багатай гэж үзэж буй аж. Тиймээс тэрбээр оптик гэрээ байгуулахыг хориглож, бонд гаргахыг дэмжиж байгаа гэсэн. Тус компани ирэх сард эхний ээлжид 750-800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөснийг эх сурвалж дуулгалаа. Арилжааны банкууд тэдний бондыг нэг их наяд төгрөгөөр худалдан авахад бэлэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан дурдаж байсан юм.