Хөрөнгийн зах зээл “ногоорсон” өдөр хоногууд өнгөрч байна. Санхүүгийн зах зээлд ханш өсөхөд ногоон, буурахад улаан өнгөөр тэмдэглэдэг. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны эхний арилжаа хийсэн өдөр буюу нэгдүгээр сарын 4-нд гурван их наяд төгрөгтэй дүйж байв. Энэ өдөр хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог Топ-20 индекс 19082.37 нэгжид хүрсэн. Тэгвэл өчигдрийн арилжааны дараа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.44 их наяд төгрөгийг давж, дээрх индекс 27992.86 нэгж боллоо. Зах зээлийн үнэлгээ 15, Топ-20 индекс 46 хувиар өсөөд байна. Монголын хөрөнгийн бирж сүүлийн өдрүүдэд дунджаар нэг тэрбум төгрөгийн арилжаа хийв. Индекс өдөрт 5-7 хувиар өсөж байна. Монголын хөрөнгийн зах зээлийг ийн том бийрээр, цэл ногоон өнгөөр будав. Бух уулын өөд мөргөж хөөдөг. Харин баавгай уулын уруу алгадаж унагадаг зантай. Үүнээс санаа авч, өсөж буй зах зээлийг бухаар бэлгэдэж, уруудаж байгааг нь баавгайгаар ёрлодог билээ.
…Эгэл жирийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч хувьцаа авч, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж байна. Энэ үеийн хөрөнгийн зах зээлийн өсөлтийн гол тоглогчид монголчууд байх нь
Хөрөнгийн зах зээлийг ногоон өнгөөр будан, уулын өөд мөргөн хөөж буй бухаар “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг тодруулсан. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр “Бид зөв хүмүүстэй нийлж, зөв банкаа авах гэж байна” гэсэн мэдэгдэл хэд хэдэн удаа хийсэн юм. “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцааны ханш энэ оны нэгдүгээр сарын 4-нд 1696, зах зээлийн үнэлгээ нь 48.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байв. Түүнийг мэдэгдэл хийснээс хойш компанийнх нь хувьцааны ханш гэрлийн хурдаар өслөө. Одоо эл компанийн хувьцааны ханш 6400, зах зээлийн үнэлгээ нь 183.1 тэрбум төгрөгт хүрчээ. Сар гаруйн хугацаанд компанийнхаа хувьцааны ханшийг дөрөв дахин өсгөсөн нь ид шидийн мэт үйл явдал юм. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, Топ-20 индекс огцом өсөхөд “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцааны “үсрэлт” жинтэй хувь нэмэр оруулсныг анзаарсан биз.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Ч.Ганхуяг “Богд” банкны хувьцааг авах бэлэн мөнгө хуримтлуулахын тулд компанийнхаа хувьцааг зарж эхэллээ. Ингэхдээ үнэ хөөрөгдөн, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл муутай хүмүүст борлуулж байна” гэж шүүмжилж байгаа. Зарим нь “Ч.Ганхуяг компанийнхаа хувьцааны ханшийг зохиомлоор хөөрөгдөн, зах зээлд үнийг хөөс үүсгэлээ” гэх болов. Юутай ч хэрэг явдлыг Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаад эхэлсэн. Нягталж, шалгаад ямар нэгэн дүгнэлт гаргах нь дамжиггүй. Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага “Шалгаж байгаа. Одоохондоо ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийхэд эрт байна” хэмээн хариулсан. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээн, олон нийтийн анхаарлын төвд оруулж буй түүнд талархууштай. Харин хэтэрхий улайран зах зээлд үнийн хөөс үүсгэсэн байвал ухамсрын шанаа өгчихөд гэмгүй.
Нэгэн зүйлийг дурдахад, зөвхөн “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцаа арилжигдаж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өсгөөд байгаа гэвэл өрөөсгөл. Ногдол ашиг тараахаа зарласан компаниудын ч хувьцааны ханш өдөрт 10-аас дээш хувиар өсөж эхэлсэн. Монголын хөрөнгийн бирж өдөрт дунджаар 50 компанийн хувьцааг арилжиж байна. Энэ нь хувьцааны арилжаа идэвхжсэнийг илэрхийлсэн үзүүлэлт юм. Өмнө нь Монголын хөрөнгийн биржид өдөрт дунджаар 20-30 кpомпанийн хувьцаа арилждаг байв. Том зургаар нь харвал хөрөнгийн зах зээлийн “лангуун” дээрх бараануудыг олон нийт сонирхоод эхэлжээ.
Нөгөө өнцгөөс нь харвал эрэлт үүсэж байж л тухайн компанийн хувьцааны ханш өснө, олон тоо ширхгээр борлогдоно. Эрэлт ихтэй байгаа учраас “Ард санхүүгийн нэгдэл” болон бусад компанийн хувьцаа борлуулагдаж байна. Тэгэхээр эрэлтийг хэн үүсгэж байна вэ гэсэн асуулт ургана. Иргэд олноор үнэт цаас худалдаж авах болсныг өдөр тутам арилжаа хийж, харилцагчдад үйлчилж буй брокерууд дуулгасан юм. Тэд “Үнэт цаасны данстай иргэд бага хэмжээний мөнгө байршуулаад хувьцаа худалдаж авч байна. Хувьцаа авч турших, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх байдлаар хандах болсон” гэж ярилаа. Энэ хандлагыг хөрөнгийн зах зээлийн хурдтай хөгжлийн эхлэл гэж дүгнэж болно.
Үүнээс гадна иргэд банкны хадгаламжид байгаа мөнгөөрөө хувьцаа, бонд гэх мэт хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн худалдаж авахад хэр ашигтай талаар зөвлөгөө авах нь ихэсжээ. Зарим нь илүү өндөр хүүтэй учраас банкан дахь хадгаламжаараа компанийн хаалттай хүрээнд гаргаж буй бондыг худалдаж авах болсон гэнэ. Банкны хадгаламжид төвлөрдөг байсан мөнгө хөрөнгийн зах зээлийг чиглэсэн нь энэ. Энэ жил олон банк хувьцаа гаргана. Иргэд мөнгөө хадгалуулдаг банкныхаа хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулагч нь болно гэж төсөөлж байгаа. Цаашлаад хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд Засгийн газар болон компанийн бонд арилжих гэх мэтээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бүтээгдэхүүний тоог нэмэх шаардлагатай. Ингэвэл зах зээл улам хөгжинө.
Арилжааны банкуудын хадгаламжийн хүү буурах болсон. ХААН банк л гэхэд хугацаатай хадгаламжийн хүүгээ жилийн 9.8 хувь хэмээн зарлаж, нэг оронтой тоонд оруулав. Өмнө нь иргэд мөнгөө банканд 15-20 хувийн хүүтэй хадгалуулаад чамгүй өгөөж хүртчихдэг байлаа. Өөрөөр хэлбэл, өндөр өгөөж хүртэх санхүүгийн өөр хэрэгсэл хайж толгойгоо өвтгөдөггүй байсан гэсэн үг. Хадгаламжийн хүү буурснаар илүү өндөр өгөөж хүртэх санхүүгийн өөр хэрэгсэл хайж эхлэв. Хэдийгээр эрсдэл өндөртэй ч хөрөнгийн зах зээл ийм боломжийг олгоно. Тиймээс мөнгөний урсгал хөрөнгийн зах зээлийг чиглэх нь. Монголчууд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэж олон жил ярьсан. Гэвч дорвитой үр дүн гаргаагүй. Харин хадгаламжийн хүү буурсан нь буюу макро эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлсэн нь энэ зах зээлийг хөгжүүлэх хөшүүрэг боллоо. Товчхондоо, эдийн засгийн “үл үзэгдэгч гар” хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд эхэлсэн гэсэн үг.
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011 онд огцом өссөн удаатай. Тухайн үед хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханш огцом өссөн юм. Энэ нь Монгол Улс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараах дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг төвд орсон уул уурхайн “их халуурал”-ын нөлөө байв. Нэхэн сануулахад, “Багануур” компанийн хувьцааны ханш дээд тал нь 13 100, “Шарын гол”-ынх 11 400, “Шивээ-Овоо”-гийнх 15 300 төгрөгт хүрч өсөж байлаа. Тэгвэл одоо “Багануур”-ын хувьцааны ханш 1026, “Шарын гол”-ынх 900, “Шивээ-Овоо”-гийнх 1700 төгрөг болоод байна. Тэр жил Хөрөнгийн биржийн арилжааны 95 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын сангууд хийсэн байдаг. “Файрбөрд менежмент” тэргүүтэй гадаадын хөрөнгө оруулагчид хувьцааны ханшийг өсгөсөн гэсэн үг. Тэд дийлэнх хувьцаагаа зараад нутаг буцацгаасан.
Харин хөрөнгийн зах зээлийн одоогийн өсөлт бол монголчуудад хамаатай. Эгэл жирийн иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч хувьцаа авч, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж байна. Энэ үеийн хөрөнгийн зах зээлийн өсөлтийн гол тоглогчид монголчууд байх нь.