Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бонд гаргах үйл явцыг хялбаршуулах, шалгуур шаардлагыг нь хөнгөвчлөхөөр ажиллаж байна. Компанийн бонд гаргах журмыг хялбаршуулснаар энэ төрлийн санхүүгийн хэрэгслийн зах зээл хөгжинө гэж үзэж буй юм. Уг журмаар Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөл олгох үйл явцыг багасгаж, хөрөнгийн биржид даатгах зохицуулалт хийхээр болжээ. Гэвч компани бонд гаргаад, өрөө төлж чадахгүй бол хөрөнгө оруулагч хохирох эрсдэлтэй. Компани бондын өрөө төлөхгүй бол хэрхэх эрх зүйн суурь зохицуулалт хомс байгаа аж. Тиймээс үйл ажиллагаа нь тогтворжсон, томоохон компани бонд гаргавал зөвшөөрөл олгох үйл явц илүү хялбар байх, харин эрсдэл өндөртэйг нь сайтар шалгах зохицуулалт хийхээр болсон байна. Тэгэхээр томоохон компаниуд бонд гаргахад илүү хялбар болох нь.
Ташрамд дурдахад, Санхүүгийн зохицуулах хорооноос “Ард санхүүгийн нэгдэл” компанийг шалгаж эхэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг олон нийтийн сүлжээгээр “Манай компани банк худалдаж авах гэж байна. Бидэнтэй нэгдэж банк худалдаж авах боломжтой” гэсэн мэдээлэл түгээсэн. Үүнээс шалтгаалан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны ханш долоо хоногт хоёр дахин өсөж, 3000 төгрөгөөс давсан. Эл үйл явдлыг Монголын хөрөнгийн биржээс хууль бус гэж үзэн шалгуулахаар болжээ.