Германд нүүр хувиргагчаар ажилладаг Г.Цэнгүнтэй ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу. Яагаад нүүр хувиргагч болсон юм бэ?
-Ээж минь энд зоогийн газар ажиллуулдаг. Тэрбээр хөгжингүй улсад сурвал ирээдүйд минь хэрэгтэй гэж бодоод эгч бид хоёрыг энд 2001 онд авчирсан. Ахлах сургуульд сурагчдыг мэргэжлээ хэрхэн сонгоход нь туслах зорилготой дадлагын хөтөлбөр ордог юм. Энэ хүрээнд хүүхдүүд хүссэн мэргэжилтэйгээ танилцах дадлага хийдэг. Манай хамаатны ах Сэр-Од энд кино зураачаар ажилладаг байсан болохоор ээж түүнтэй ярилцаад намайг энэ салбарт дадлага хийлгэсэн. Ингээд Америк, Германы хамтарсан “Пандорум” уран зөгнөлт кинонд туслахаар ажилласан.
Тухайн үед би 16 настай байлаа. Мангас байдаггүйг мэддэг хэрнээ нүүрийг нь аймшигтай болгож хувиргасан хүнтэй нүүр тулаад шоконд орсон. Ингээд нүүр хувиргах гайхалтай урлагийн талаар анхан шатны мэдлэгтэй болж, энэ л яг миний хийх ажил юм байна гэдгийг мэдрэх шиг болсон. Жүжигчдийн нүүрийг хувиргадаг өрөөгөөр эргэлдээд байсан болохоор нүүр хувиргагчид намайг дуудаж танилцсан юм.
“Maleficent”, “Unbroken” киноны нүүр хувиргагчаар ажиллаж, “Оскар”-т нэр дэвшсэн Аруэн Туитэн тухайн үед надтай танилцаж, энэ чиглэлээр сурахын тулд “Твайлайт крэйшн” студид хандахыг зөвлөсөн. Би ч хийсэн баримал, зурсан зургуудаа бариад уг студийнхэнтэй уулзахад намайг мэргэжлийн уран бүтээлч биш болохоор аваагүй. Нүүр хувиргалтын сургалт зохион байгуулдаг студийнхэнд хандтал “10 хүн элсвэл хичээл орно. Хүн бүрдээгүй учир хичээл заах боломжгүй” гэсэн. Тэгээд хүмүүсээс сурагласаар Hasso von Hugo гэх сургуульд элсэж, гурван жил суралцсан.
-Багаасаа л зурдаг байж ээ?
-Аав минь зураач байсан юм. Даанч намайг хоёр настайд өөд болчихсон. Аавын талын хамаатнууд дунд зураач олон бий. Би багаасаа л зурах дуртай байсан. Тэд ч надад хэрхэн зурахыг заасан. Хэлд ороогүй шахам байхдаа хөтөвч дээрээ суучихаад “Буга, буга” гээд байж л дээ. Ээж миний зааж буй зүг рүү хартал шалны цуурсан хэсгийн зураас яг буга шиг дүрстэй байсан гэсэн. “Ийм жаахан хэрнээ буга гэдгийг яаж мэдсэн юм бол доо” гэж гайхаж, аавын авьяасыг намайг өвлөсөн гэж бодоод, энэ чиглэлээр ажиллахыг минь дэмжсэн.
-Оюутнуудын дунд зохион байгуулсан нүүр хувиргах шоунд түрүүлж байсан гэсэн үү?
-400 гаруй оюутан бүтээлийнхээ эх зургийг илгээж, зохион байгуулагчид түүнээс 10-ыг нь шилж, шоуны үеэр урлуулсан. Усны амьтан хийх сэдэвтэй байсан юм. Би хүн наймаалж хийж, нэгдүгээр байрт шалгарчихаад өөртөө итгээгүй. Манай сургуулийнхнаас өмнө нь энэ шагналыг авч байгаагүй юм билээ. Нүүрний хэлбэр, зохион байгуулалт зэрэг хэд, хэдэн үзүүлэлтийг нь харж оноо өгдөг. Нийт 400 оноо авах ёстойгоос би 373-ыг нь авсан.
Жил бүр зохион байгуулдаг энэ уралдаанд өмнө нь ийм өндөр оноо авсан хүүхэд байгаагүй. Одоо ч гараагүй гэсэн. Уг тэмцээнд түрүүлснээр мөнгөн шагналаас гадна хангалттай олон хүн бүрдээгүй гээд намайг аваагүй студийн дамжаанд 10 хоног суралцах эрхийн бичиг дагалдсан. Тэнд хөөсөнцрөөр хэрхэн баг хийхийг сурсан.
Тухайн тэмцээнийг олон студи үзэж сонирхдог. Намайг мэргэжлийн бус гээд аваагүй “Твайлайт крэйшн”-ийхэн “Манайд ирж байсан залуу мөн байна. Нүүр хувиргагч болохыг үнэхээр их хүсэж дээ. Богино хугацаанд авьяасаа торджээ” гэж ярьсан байна лээ. Тухайн шоунд түрүүлснээр олон байгууллагаас хамтран ажиллах санал ирүүлсэн.
-Монголдоо ажиллах бодол бий юү?
-“Kryolan” брэндийн барааг Монголд худалддаг эгч нартай Германд санамсаргүй байдлаар танилцсан. Тэмцээнд түрүүлсэн үеийн зургийг минь харсан болохоор намайг таньсан юм билээ. Тэд “Kryolan” брэндийн салбарыг Монголд байгуулах гэж байгаагаа хэлж, “Нутагтаа очиж нүүр хувиргалтын сургалт зохион байгуулах уу” гэж асуусан. Ийн 2013 оны сүүлчээр Монголдоо очиж, хоёр долоо хоногийн дамжаа хичээллүүлж, хэрхэн хөгшрүүлж хувиргах, амьтан болгох, шарх зурахыг заасан.
Миний сургалтад хамрагдсан хүмүүсээс Хос-Эрдэнэ Монголын олон кинонд ажилласан байна лээ. Монголд очоод Ж.Сэнгэдорж найруулагчтай танилцан, “Үргээлэг” киноны зургийг авах үед очиж сонирхсон. Монголын кино урлаг хөгжиж байгаа юм билээ. Гэхдээ зодооны хэсгийг авахдаа жинхэнээсээ нударга зөрүүлдэг юм болов уу гэж бодож, гайхсан.
Яагаад гэхээр зураг авсны дараа Амарсайхан жүжигчний нэг нүд хавдаад хөхөрчихсөн байсан. Монголдоо үлдсэн бол олон сайхан бүтээлд ажиллах байж дээ гэж боддог юм. Гэхдээ Германд мэргэжлээ дээшлүүлж, сурах ёстой зүйл их байна. Өөрийгөө хангалттай хөгжөөгүйгээ мэдэж байсан болохоор Герман руу буцсан.
-Ямар, ямар кинонд нүүр хувиргагчаар ажиллаж байсан бэ?
-Оюутан байхад “Твайлайт крэйшн” студийнхэн “Хансел ба Гретел: Шулмын ангууч” кинонд ажиллах санал тавихад нь бөөн баяр болсон. Ингээд Нидерланд, Швед зэрэг олон улсын нүүр хувиргагчидтай хамтарч ажилласан. Тухайн үед хамтарч ажилласан DDT студийн залуус “Pans labyrinth” киноны нүүр хувиргалтаараа “Оскар” авахад тэднээр бахархаж, би ч гэсэн энэ шагналыг хүртэнэ гэж бодож, үүнийхээ төлөө хичээж байна.
Сүүлийн үед компьютер графикийн арга их ашигладаг болсон. Гэхдээ энэ нь үзэгчдэд амьд мэдрэмж өгч чаддаггүй юм шиг санагддаг. Би нүүр хувиргах нь компьютер графикийн арга ашигласнаас илүү дээр гэж үздэг болтол нь хөгжүүлэх юм сан гэж хүсдэг. “The Polder”, “A Hologramm for the king”, “Boy 7”, “Devil devil devil”, “Es dreht sich doch”, “Hausmannskost fьr hausfrauenart”, “ Die Krone von Arkus” зэрэг кинонд болон хэд хэдэн клипэнд нүүр хувиргагчаар ажилласан.
-Юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх сард Монголдоо очиж амарна. Германдаа буцаж очоод нүүр хувиргалтын компаниа байгуулж, Бабелсбергийн кино студитэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Мөн төрөл бүрийн амьтан, кино, зохиолын баатруудын баг хийж худалдах зорилго бий.
-Нүүрийг хэрхэн хувиргах хамгийн хэцүү вэ?
-Нүүр хувиргахдаа ихэнх тохиолдолд нүүрэн дээр баг зүүж, юм нэмдэг. Харин эрүүгүй болгож, араг ясыг нь нэвт харагдуулж, буюу нүүрнээс юм хасаж хувиргах хэцүү.
-Хорвоод байхгүй зүйлийг бүтээдэг болохоор таны зүүд хүртэл сонирхолтой байх даа.
-Аймшгийн кинонд дуртай, их үздэг болохоор ихэнхдээ сонин, сонин юм зүүдэлдэг. Тухайлбал, ой модонд төөрсөн хүүхдийг чоно барих гэж байхад нь нэг буга аварсан гэж зүүдэлсэн. Тэр бугын нүүр нь хавтгай, ам, хамар нь их жижигхэн хэрнээ нүд нь маш том байсан. Сэрээд түүнийгээ тэмдэглэж авсан.
Монголчууд бэлгэдлийг нь бодоод ч тэр үү, аймшгийн кинонд тийм ч дуртай биш юм билээ. Тиймдээ ч монгол уран бүтээлчид аймшгийн кино ховор хийдэг байх. Хэрэв намайг аймшгийн төрлийн кинонд ажиллуулъя гэвэл дуртайяа хамтарна.
-“Яг түүн шиг” шоуг үзсэн үү. Олонх оролцогчийн нүүрийг таны шавь Хос-Эрдэнэ хувиргасан юм билээ. Ямар санагдсан бэ?
-Хосоог би ирээдүйтэй уран бүтээлч гэж боддог. Телевизээр гарах нүүр хувиргалтыг их нарийн хийх ёстой байдаг. Хүний нүүрийг 3D хувиргах аргыг (нүүрний хэлбэр дүрс товойлгон өөрчлөх) түүнд зааж өгөөгүй. Хосоог яг яаж хийснийг нь мэдэхгүй байна. Тийм ч сайн болоогүй байна лээ. Цаг хугацаа давчуу байсан байх.
Гэхдээ их зоригтой хийсэн байна лээ. Хэрэв би түүний оронд байсан бол нэг нүүр хувиргалтыг хийхэд сарын өмнөөс бэлтгэх байсан. Германд сайн сурч, төлөвлөгөөгөө биелүүлчихээд монгол уран бүтээлчдэдээ олон зүйл зааж өгнө гэж бодож байгаа. Монголд шарх сайн “урладаг” болсон байна лээ.