Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод байгаа “Стоунлэй интернэшнл” компанийн захирал Жорж Чайлмерст холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх байсан ч энэ сарын 26-ныг хүртэл хойшлуулжээ. Түүнд оноохоор төлөвлөсөн улсын яллагч Б.Базаррагчаагийн яллах дүгнэлтийн орчуулга алдаатай байснаас шүүх хурлыг хойшлуулсан аж.
Тэрбээр “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбаттай 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулсан юм. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Чайлмерс Монгол банкийг залилж 21 сая доллар авсан нь тогтоогдсон аж. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Г.РАВЖАА