БНХАУ-ын хилийн боомт хот Эрээнд нутаг нэгтнүүдээ худалддаг гурван эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Бидний авсан мэдээллээр Б.Анхзаяа гэдэг эмэгтэй нутаг нэгт Т гэдэг бүсгүйг Эрээнд аваачин худалдаж, биеийг нь үнэлүүлж байжээ.
Мөн С.Энхжаргал, М.Атартуяа нар иргэн О, У нарыг мөн л дээрх газарт аваачин худалдсан хэрэгт сэжиглэгдэн цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа аж. Тэд өмнө нь ч бас нутаг нэгтнүүдээ хил давуулан худалдсан байж болзошгүй гэсэн. Тэд амьдралын боломжгүй, эцэг эхийн хараа хяналт сул, боловсрол нимгэн хохирогчдыг сонгож хил давуулсан гэнэ. Улмаар БНХАУ-ын Эрээн хотын “Ягаан дэнлүүний гудамж”-нд аваачиж гадаад паспорт, бичиг баримтыг нь хурааж аваад “Бид та нарыг нааш нь авчрах гэж их мөнгө зарсан. Энэ их мөнгийг биеэ үнэлж төл” гээд орхиод явдаг байжээ. Мөн үүний зэрэгцээ нийслэлийн төв хэсэгт байрладаг “Хаванна” зочид буудалд эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх ажлыг зохион байгуулдаг Ц.Б нарын хүмүүсийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Г.РАВЖАА