Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлаар “Махан толгойт” хочит П.Тулгад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ.
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын Баруун булан гэдэг газар иргэн Ц-ийн 13 настай охин М-ыг эцэг, эхийг нь эзгүйд гэрээс нь авч гаран хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хохироогоод, гэмт хэргээ нуун далдлахын тулд Ямаат нууранд цогцсыг нь живүүлсэн аймшигт хэргийг үйлдсэн юм. Тэрбээр өмнө нь ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлөгдөн шоронгоос суллагдсан нэгэн байжээ.
Энэ хэргийг Булган аймгийн сум дундын шүүх энэ оны нэгдүгээр сарын 25-нд хэлэлцэж, ялын дээд хэмжээ оноосон байна. Тус аймгийн шүүх шүүгдэгч П.Тулгын давж заалдах гомдол гаргасны дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхэд П.Тулгын өмгөөлөгч М.Найдан
“…П.Тулга нь боловсрол эзэмшээгүй, гарын үсэг зурах төдий, энэ хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон байдал нөлөөлжээ. НҮБ-аас 1948 онд батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр амьд явах эрхтэй” гэж заасан байдаг. Манай улс НҮБ-ын гишүүн орон бөгөөд энэхүү тунхаглалд нэгдэн орсны хувьд дотоодын хуулиудын нэгэн адил үйлчлэх юм. Иймд ялтан П.Тулгад оноосон цаазаар авах ялыг хорих ялын дээд хэмжээ 25 жил болгож өгнө үү” гэж гомдол гаргажээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас анхан болон давж заалдах шатнаас оноосон цаазар авах ялыг хэвээр үлдээсэн байна.
Г.АРИВЖИХ