Эрүүгийн цагдаагийн болон Хэрэг бүртгэх газрын ажилтнууд хамтран 2009 оны арванхоёрдугаар сард спорт покер нэрийн дор мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 12 газрыг илрүүлэн шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. “Кёкюүшюү цамхаг”, “Лаки” зэрэг дээрх 12 газарт мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан эздэд нь болон тоглогчдод Эрүүгийн хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгээд байгаа билээ.
Гэвч мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа далд хэлбэрээр явагдсаар байна. Хуулийн цоорхойг ашиглан энэ мэтээр үйл ажиллагаа явуулж байсан покер тоглоомын долоон газрыг саяхан Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн тусгай ажиллагаа явуулж хүмүүсийг нь саатуулан зохих байгууллагад шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Баттай эх сурвалжаас бидэнд өгсөн мэдээллээр Баянгол дүүргийн нутаг “Lux house-2” байрны зургадугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан С.Очирбат захиралтай мөрийтэй тоглоомын газар, тус дүүргийн нутаг “Сод” зочид буудал болон Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд иргэн Г.Ерөөлт, Ч.Мягмар, Г.Батхуяг нарын залуус тоглож байгаад баригджээ. Мөрийтэй тоглоомд залуус донтохын зэрэгцээ эмэгтэйчүүд их тоглож, зохион байгуулах болсон талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгүүлэв.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутагт “Logic” клубт иргэн Ц.Оюун, Н.Мөнхжаргал, тус дүүргийн долдугаар хорооны 11 дүгээр байранд Ц.Одонтунгалаг нар хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулж, тоглож байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Цагдаагийнханд саатуулагдсан дээрх долоон газарт мөрийтэй тоглож байсан хүмүүс хамгийн багадаа 500 мянга, дээд тал нь таван сая төгрөгөөр тоглож байсан гэнэ.
Г.РАВЖАА