АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд болсон Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. 83 улсын Төрийн тэргүүн оролцсон уг дээд түвшний уулзалтын үеэр тэрбээр “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орон. Тиймээс дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Мөн олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг. Түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь” гэж онцоллоо.
Мөн “Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан. Өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа энэхүү дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олсонд баяртай байна. Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно” хэмээлээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхжээ. Бутаны Хаант Улсын Цог жавхлант хааны Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр орны хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг Ерөнхий сайд Цэрэн Тобгай тэмдэглэсэн байна. Мөн Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын төр засаг, ард түмэнд талархал илэрхийлжээ. Талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог жавхлант хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр санал нэгдсэн байна.