Шатрын ертөнцөд тэргүүлэхийн төлөө Энэтхэг улс одоо Оростой биш, түүгээр ч барахгүй Америктай ч биш, Хятадтай өрсөлддөг болоод байна. Тэгэхлээр шатрын өрсөлдөөний төв Дорно зүг рүү, тодруулбал, Өрнөд рүү шилжиж ирсэн тэр газар луугаа буцаад очиж байна гэж итгэлтэй хэлж болох нь. Торонтод болсон тэмцээнд Хятадын шатарчид оролцоогүй. Оролцогчдын тэн хагасыг буюу найман тамирчны гурав нь энэтхэгчүүд байснаар тэд Азийн нэр төрийг хамгаалсан. Энэ гурав I, V, IV байрыг эзэлсэн. Хэтрүүлэлгүй хэлэхэд, Канадын Торонтод энэтхэгчүүд “газар хөдөлгөсөн” юм. 2024 оны дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөгчдийг шалгаруулах тэмцээн Канадын Онтарио мужийн засаг захиргааны төвд болж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд өндөрлөсөн. Таван улсын найман их мастер 2024 оны эцсээр болох дэлхийн аваргын төлөө Хятадын их мастер Дин Лижэнтэй тоглох эрх олж авахаар гурван долоо хоногийн турш өрсөлдсөн билээ. 17 настай энэтхэг хөвгүүн Гукеш Доммараж боломжит 14 онооны есийг нь авч, тэргүүн байр эзэлснээр дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй болсон.
Энэ хүү 48 мянган евро (оноо бүрийг нь6000 еврогоор үнэлсний 63 мянгыг дээр нь нэмнэ)-гийн шагнал хүртсэн юм. Залуу насандаа ийм амжилт олсон хүн өөр байхгүй. Америкийн Хикара Накамүра, Оросын “Непо” хочит Ян Непомнящий, уг тэмцээнд оролцогчид дотроо хамгийн дээд амжилттай явсан АНУ-ын Фабиано Каруан нараас Гукеш хагас оноогоор илрүүрхсэн байдаг. Энэ гурван аварга 8.5 оноо авсан. Шатарчдыг байр эзлүүлэхэд Франц улсын өмнөөс оролцсон иран Алиреза Фируза чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэтхэг хөвгүүн ганц түүнд л хожигдсон ч сүүлчийн өмнөх өрөгт хариугаа авч урагш цойлов. Ингэснээр сүүлчийн өрөгт тэргүүлэгч болсон байлаа. Гукешээс өмнө шатрын спортод хамгийн залуугаараа дэлхийн аваргатай өрсөлдөхөөр шалгарч байсан хүн бол 1984 оны дөрөвдүгээр сарын 9-нд Василий Смысловыг эцсийн өрөгт хожсон Гарри Каспаров юм. Харамсалтай нь, хожим нь ОХУ-ын Хууль зүйн яам гадаадын тагнуул хэмээн зарлаж, хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаанд оролцсон гэж үзэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад түүнийг оруулсан байдаг. Тэрбээр 21 настай болохоосоо дөрөв хоногийн өмнө Анатолий Карповын албан ёсны өрсөлдөгчөөр тодорч байв. Тэгвэл Энэтхэгийн Гукеш 18 настай болоход нэг сар, нэг хоног дутуу байхад дэлхийн аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Тэрбээр дээд амжилт тогтоох талаар, тэр дундаа насаа аль болох бага боддог аж.
Сүүлчийн өрөгт тоглосны дараа Гукеш “Би ялалт байгуулсандаа мэдээж баяртай байгаа ч замынхаа ердөө талыг ньл тууллаа” гэж хэлсэн байна. Наснаас гадна түүнд нэг чухал давуу тал байсан нь хөгжөөн дэмжигчид юм. Энэтхэг хүүг дэмжихээр Торонтод амьдардаг энэтхэг хүмүүс өдөр тутам олон арваараа нэмэгдэн ирж байжээ. Ташрамд хэлэхэд, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүний ялалтад баяр хүргэсэн гэсэн. Тоглолтын эцэст болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид уламжлал болсон “Энэ ялалтын талаар хэзээнээс бодож эхлэв” гэсэн асуултад түүний өгсөн хариулт олон хүнийг гайхахад хүргэсэн аж. “Хэзээнээс жинхэнэ ёсоор энэ тухай бодох болсныг тодорхойлох гэж оролдвол энэ нь саяны тэмцээн байж болох юм. Фирузад хожигдсоныхоо дараа гэж хэлж болох байх. Амралтын өдөр (долоо дахь өргийн маргааш) харамсалтай ялагдал хүлээсэн ч гэсэн миний сэтгэл санаа их сайхан байсан. Тэр ялагдал намайг чангалж сэргээсэн байж ч болох. Тэгээд бие, сэтгэл минь сайхан болж, ялалт байгуулахаа би мэдэрсэн” гэж тэрбээр хэлжээ. Гукеш одоо дэлхийн шатрын хамгийн залуу аварга болох хүүхэд үеийн мөрөөдлөөсөө нэг хүндхэн алхмын зайд ирлээ. “Ялахын тулд би мэдээж бүхнийг хийнэ, гэхдээ эхлээд амрахыг хичээж байна. Сүүлийн гурван долоо хоног хүнд, хэцүү байлаа” хэмээн ойрын ирээдүйнхээ тухайд тэрбээр сэтгэгдлээ хуваалцжээ. Энэтхэгээс шатрын спортын анхны, сүүлчийнх биш байж ч болох, тэр тусмаа таван удаагийн аварга Вишванатан Анандад хэрхэн ханддагийг нь, Ананд өөрт нь тусалж байсан, эсэхийг түүнээс сонирхоход “Ноён Ананд надад асар их тусалж, дэмжиж ирсэн. Тэр миний урам зоригийг бадрааж, үлгэр дууриал минь болдог” гэж хариулсан байна. Энэтхэг улсынхаа шатрын спортын тухайд тэрбээр өөдрөг бодолтой явдаг аж.
“Энэтхэгт шатар түргэн хөгжиж байна. Манайд одоо спортоор хичээллэхэд хамгийн тохиромжтой үе. Дэлхийн аваргатай тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн бол томоохон ололт юм. Миний энэ ялалт шатрын хөлгийн ард илүү олон энэтхэг хүнийг суулгана гэдэгт найдаж байна” гэж Гукеш хэлжээ. Дээд амжилтаа энэтхэг хүнд алдаж байсан Гарри Каспаров уг тэмцээний үр дүнг “Торонтод Энэтхэг “газар хөдөлгөлөө” хэмээн дүгнэсэн юм. Энэтхэгийн шатрын сургалтын амжилтад Анандын гүйцэтгэсэн үүргийг тэрбээр бас өндөр үнэлсэн. Гукешийн ялалт тохиолдлынх гэдэгт Гарри Каспаров итгэхгүй байна. Магнус Карлсен тэмцээний өмнө түүнд оролцогчдын боломжийг үнэлэхдээ Гукешийг онцгойлж, тэгэхдээ ийм түвшний ялалт байгуулахад хэтэрхий эрт байна гэж үзсэнээс түүнийг ялагч болно гэж бодоогүй гэдэг. Гукеш Доммараж тавдугаар сарын сүүлчээр 18 настай болсон юм. Тэрбээр Энэтхэгийн зүүн эрэгт хуучин Мадрас, одоо Ченнай гэх болсон нутагт 2005 оны тавдугаар сарын 29-нд төрсөн аж. Эцэг, эх нь эмнэлгийн салбарын улс байж. Аав Ражникант нь чих, хамар, хоолойн эмч, ээж Падма нь микро биологич мэргэжилтэй юм. Сайн шатарчид төрүүлдгээрээ алдартай “Velammal Vidyalaya” гэдэг нэрд гарсан сургуульд Гукеш суралцаж буй. Торонтод болсон тэмцээний өөр нэг оролцогч, долоон оноогоор тавдугаар байр эзэлсэн 18 настай Рамешбабу Прагнандха бас энд сурдаг юм байна.
Гукеш орчин цагийн хэмжүүрээр бол нэлээд орой, долоон настайгаасаа шатар тоглож эхэлжээ. 2013 оны арваннэгдүгээр сард дэлхийн аварга цолны төлөө Ченнайд тоглосон өнөө Ананд, Карлсен нар үүнд чамлахааргүй үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Шатар тоглодог болоод удаагүй байсан Гукеш энэ тэмцээний нэг өргийн тоглолтыг нь очиж үзсэн аж. Хүү тэр танхимаас маш өндөр сэтгэгдэлтэй, өөрийнх нь үгээр уг өрөгт хожигдсон ч гэлээ Ананд шиг болох хүсэлтэйгээр гарч явжээ. Гукеш Доммаражийг шатарчин болоход Орос улс ч нөлөөлсөн гэнэ. Гукешийн толгойлсон сургуулийнх нь баг Дагомыст 2017, 2018 онд болсон “Цагаан тэрэг” тэмцээнд итгэл төгс түрүүлжээ. 2019 оны нэгдүгээр сарын 15-нд буюу 13 нас хүрэхэд дөрвөн сар дутуу байхад одоо дээд амжилт тогтоогоод байгаа Сергей Карякинаас ердөө нэг сарын хойно Гукеш их мастр боллоо. Хэрэв “Ковид” саад болоогүй, Дэлхийн шатрын холбоо (ФИДЕ) олон тоглолтыг хойшлуулаагүй сэн бол Гукеш нэлээд эрт алдарших байсан гэж олон шинжээч үздэг юм. 2020 онд Екатеринбургт болж, Непомнящийгийн ялсан өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнийг эргэн санахад л хангалттай. Уг тэмцээнийг эхний тойргийн дараа зогсоож, нэг жилийн дараа 2021 оны дөрөвдүгээр сард дуусгасан юм.
2022 оны зун Ченнайд болсон шатрын 44 дүгээр олимпиадаас л манай гараг Энэтхэгийн энэ залуу суутныг мэдэх болсон билээ. Гукеш тэгэхэд уг олимпиадаас хоёр сарын өмнө 16 нас хүрсэн, Энэтхэгийн хоёр дахь багт тоглосон байдаг. Тэгээд эхний найман өрөгт хожиж, боломжит 11 онооноос есийг нь авч, хамгийн хүчтэй, нэр хүндтэй нэгдүгээр ширээнээс алтан медаль хүртэв. Дэвжээний эздийн багууд гурав, дөрөвдүгээр байр эзэлж, Гукешийн тэргүүлсэн баг эх орныхоо нэгдүгээр шигшээ багийн өмнө гишгэжээ. Энэтхэгийн анхны их мастер (1988), дэлхийн аварга (2000-2002, 2007-2013) 54 настай Вишванатан Анандыг өнөө цагийн Энэтхэгийн шатрын спортын амжилтын эцэг гэж зүй ёсоор нэрлэдэг юм. Гойд хэтрүүлэлгүйгээр хэлэхэд, түүний тухай домог Энэтхэгт бий болж, олон сая хөвгүүн түүн шиг болохыг мөрөөддөг аж. 2000 онд тэрбээр дэлхийн аварга болсны дараа индуис шашинд олон мянган жил байсаар ирсэн 33 бурхан дээр Виши Ананд гэдэг бас нэг бурхан гэнэт гарч ирсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас өмнө чансаагаараа Гукеш Доммараж давамгайлах хүртэл Ананд Энэтхэгийн шилдэг шатарчин байсан юм. Тус улсын шатрын сургууль сэргэн мандахад Анандаас гадна дэлхийн шатрын аварга байсан Оросын иргэн Владимир Крамник хувь нэмрээ оруулжээ.
Тэрбээр их шатрыг 2019 онд орхиж, Оросын биш, Энэтхэгийн шатрын залуу авьяастнуудыг дасгалжуулахаар шийдсэн байна. 2019 оны наймдугаар сард Женевээс холгүй Крамник Энэтхэгийн хамгийн авьяаслаг залуу шатарчдын дунд анхны бэлтгэл шалгаруулалт хийсэн аж. Энэтхэгийн шатрын гайхамшгийн эцэг гэж Ананд, Крамник хоёрыг үздэг бол санхүүгийн ивээн тэтгэгч нь Энэтхэгийн “Mi¬crosense networks private limited” компанийн тэргүүн, Гукешийн амьдардаг Танил Наду мужийн 1972 оны шатрын аварга болж байсан Кайлашанатан. 2020 оны нэгдүгээр сард хоёр дахь бэлтгэл шалгаруулалтыг Ченнай хотод хийжээ. Гукешийн төрсөн энэ хотод 12 залуу шатарчин ирж, дэлхийн аваргын төлөө Анандтай тоглоод амжилт олоогүй, одоо Израилд аж төрж байгаа, Зөвлөлтийн их мастер Борис Гельфанд дасгалжуулагчийн хувиар Владимир Крамниктай нэгдсэн байна. Энэтхэгийн шатрын гайхамшгийн бас нэг эцэг, дасгалжуулагч, сэтгүүлч, спортын мастер Саган Шах сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, таван жил өнгөрөхөд тус улсын хоёр шатарчин эхний аравт орно. 10 жилийн дараа энэ тоо 3-4 болно гэж хэлж байжээ. Залуус түүний энэ таамаглалыг давуулан хэрэгжүүлж, 2023 оны намар дэлхийн шилдэг 20 шатарчны зургаа нь энэтхэг, тэдний дундаж нас 23 байв. Энэтхэг залуу авьяастнууд ийнхүү тэсрэлттэй өсөхөд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь тус улсад өндөр технологи, юуны түрүүнд шатрын цахим өрсөлдөөн маш эрчимтэй хөгжиж буй явдал юм байна. Энэтхэгт шатар хөгжих гэрэлт ирээдүй байна, Гукешийн амжилт ердөө эхлэл нь гэж урьдчилаад хэлчхэж болох аж. Ташрамд хэлэхэд, эмэгтэй шатарчдын титэм Хятадад байна. Дэлхийн аварга Цюйтэй өрсөлдөхөөр Хятадын их мастер Тань Чуньи есөн оноо авч шалгараад буй билээ.