УИХ-ын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт хандан гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн дүрмийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг уржигдар үүрэг болгосон байна. Үүний дагуу өчигдөр Ёс зүй, дэгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, дээрх гишүүнд сануулга, зөвлөгөө өгчээ. ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон гишүүн М.Нарантуяа-Нара нийгмийн сүлжээгээр лайв хийж, бараа сурталчлах болсон. Хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэдгийг нь сануулсан хүмүүсийг тэрбээр элдвээр хэлж, ил цагаанаар амьдралаа залгуулж байна гэсэн утгатай тайлбар байнга хийсээр ирсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр БНХАУ-ыг зорьж, Гуанжоугаас бараа сурталчлах лайв хийсэн. УИХ-ын гишүүн энэ мэт давхар ажил эрхлэхийг хуулиар хориглодог. Түүнчлэн албаны болон хувийн ажлаар хил давах бол заавал УИХ-ын даргад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой. Эдгээр хууль, дүрмийг зөрчсөн учраас түүнд ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэж Тамгын газраас нь үзжээ.
Энэ талаар тэрбээр “Ёс зүй, дэгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзлаа, надад мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Манай парламент бүрдээд 7-8 удаа л хуралдсан. Үүнээс би нэг өдөр тасалж, нэг удаа хоцорсон байна. Нэг удаа тасалснаа хүлээн зөвшөөрч, уучлал хүсье. Намайг гудамжнаас сонгогдсон гишүүн гэж яриад байдаг, үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө нь намын сонгуульт болон төрийн албаны, хууль, эрх зүйн чиглэлээр ажилласан туршлага байхгүй учраас дутагдалтай зүйлс бийг хүлээн зөвшөөрнө. Олон нийттэй харилцахдаа над руу чиглэсэн доромжлолд шууд хариулдаг муу зантай, үүнийгээ аль болох татах гээд явж байгаа. Шинэ гишүүдэд зориулсан сургалтыг гэнэт зарласан, тэр үед өвчтэй байсан учраас оролцож чадаагүй, гадаад явахдаа зөвшөөрөл авах ёстой гэдгийг мэдээгүй. Амралт, чөлөөт цагаасаа арилжааны лайв хийхэд хугацаа зарцуулжээ, уучлаарай. Дахин ийм арилжааны лайв хийх ёсгүй юм байна. Үүнийгээ мэдэж байсан ч сая Хятадад өөрөө оччихсон, хувцсыг нь өмсөж явсан учраас найздаа туслаад лайвд оролцсон нь алдаа болжээ. Нийгмийн сүлжээн дэх хувийн хаягийг цаашид манай гэр бүлийн хүн хөтөлнө” гэлээ. Мөн Ёс зүй, дэгийн байнгын хорооноос ямар нэг шийтгэл оноовол хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ хэлсэн юм.