"Парис -2024" Зуны олимпийн XXXIII наадамд Монголын " ширэн бээлийтнүүдийг" төлөөлөн хоёр эмэгтэй боксчин оролцож буй билээ. Манай боксчид Олимпоос алт нэг ( Э.Бадар-Ууган), мөнгө хоёр ( П.Сэрдамба, Н.Төгсцогт), дөрвөн хүрэл( Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай) хүртэж байсан сайхан уламжлалтай. Харамсалтай нь энэ удаагийн олимпод эрэгтэй нэг ч боксчиг эрхээ авч чадаагүй( Олимпийн эрхийн төлөөх хоёр тэмцээний нэгд нь оролцож чадаагүй!!!) билээ.
Тиймээс эрэгтэй боксчдын түүхэн замналыг олимпийн рингэнд үргэлжлүүлэх, медалийн буухиаг залгамжлах хариуцлагатай үүрэг манай хоёр боксчин охинд ирсэн. "Парис-2024" наадмын Монголын багийн тугчаар ажилласан Оюунцэцэгийн ЕСҮГЭН эмэгтэйчүүдийн боксын 50 кг-ийн жинд оролцож, эхний тулаандаа Колумбын тамирчин ,36 настай туршлагатай боксчин, 2016 оны олимпийн хүрэл медальт, дэлхийн АШТ-ий мөнгө ,хүрэл медальт Ингрит Валенсиад 0:5 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан.
Харин эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд Мөнгөнцэцэгийн ЭНХЖАРГАЛ эхний тулаандаа Италийн С.Чарабиг 5:0, дараа нь Румыний боксчин дэлхийн АШТ-ий мөнгө, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Л. Перижочийг 4:1 харьцаагаар ялж шилдэг наймд үлдлээ, өчигдөр орой. Одоо М.ЭНХЖАРГАЛ маань шөвгийн наймд Туркийн Хатисе Акбастай тулалдах бөгөөд ялбал хүрэл буюу олимпийн медалиа "бат араандаа" хийгээд,цаашаа медалийн өнгөө өөрчлөх тулаан хийнэ.
Х.Акбас бол хэдийгээр 22 настай залуу боксчин боловч хоёр жилийн өмнө Дэлхийн аварга болж байсан билээ. Мөн тэрбээр Газар дундын тэнгисийн орнуудын наадмын аварга, Европын наадмын хүрэл медальтай, Европын залуучуудын аварга. Акбас "Парис-2024" олимпод Их Британи, Австралийн боксчдыг ялж, шилдэг наймд үлдээд байгаа юм. Хоёр боксчны медалийн төлөөх тулаан наймдугаар сарын 1-нд Улаанбаатарын цагаар 23:22 цагаас эхэлнэ.