Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамны дэд сайд Ким Чан Бомыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэд сайд Ким Чан Бом Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамнаас бүс нутгийн улс орнуудын хууль зүйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Азийн хууль тогтоох институтийн зөвлөл (Council of Asian Legislative Institutions)-ийг үүсгэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай товчхон танилцуулав.
Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн яамнаас Азийн бусад орнуудтай хууль боловсруулах арга ажиллагааны талаар харилцан туршлага солилцох зорилгоор жил бүр “Азийн хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдын симпозиум” (Asian Legislative Experts Symposium)-ыг зохион байгуулж байгаагаа дурдан энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болох 12 дахь удаагийн симпозиумд монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлөөлөгчдийг оролцохыг урилаа.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар урилгыг тааламжтай хүлээн авч, хоёр орны хуулийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: ХЗДХЯ