УИХ-ын ээлжит сонгуульд ашиглах “хар машин” гэгддэг автоматжуулсан хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байранд өчигдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын болон ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороодод гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа, эсэхийг үүгээр шалгав. Эл “шалгалт”-ыг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм.
Шалган турших үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо, хэсгийн хороо болон мэдээллийн технологийн 141 багийн гишүүн, 2620 даамал оролцов. Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрынхан байлцаж, УИХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, удирдамж, зааврыг мөрдлөг болгон ажиллалаа.
Бэлтгэсэн У.Наран