Урлагийнхан, тэр дундаа рок попынхон шинэ уран бүтээл гаргахын оронд жил дараалан тоглолт хийхийг илүүд үздэг болжээ. Нам жим, чимээ аниргүй байсан уран бүтээлчид гэнэт л тоглолт хийнэ хэмээн ил гардаг жишиг ч тогтов. Түүнчлэн тоглолтын хугацаа нь дөхөх үед гэнэт л шинэхэн уран бүтээлүүдээрээ “бөмбөгдөх” нь ч бий. Зарим тохиолдолд шинэ дуунуудаа биш, олон жилийн турш хит байсан, үзэгчдийн эчнээ мэдэх уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж хүргэдэг. Харин хип хоп уран бүтээлчид, ялангуяа шинэ үеийн залуусын хувьд энэ талдээр арай өөр. Үндсэндээ манайд хип хоп уран бүтээлчид л сүүлийн үед шинэ уран бүтээлүүдээрээ олон түмний сонорыг мялааж байгаа гэхэд болно. Харин рок попынхон, бас нийтийн дуучид “зогсонги” байна.
Жишээ болгож, сүүлийн нэг жилийн хугацаанд шинэ уран бүтээл гаргаагүй хэдий ч олон нийтийг хамруулсан, томоохон тоглолт хийсэн уран бүтээлчдийн талаарх мэдээлэл хүргэе. Тухайлбал, “Чингис хаан” хамтлаг өнгөрсөн оны есдүгээр сард“XXI зуун” хэмээ хтоглолтоо үзэгчдийн хүртээл болгоод амжсан. Тус хамтлагийнхан сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд шинэ уран бүтээлээ олон нийтийн хүртээл болгоогүй билээ. Гэсэн ч өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 гаруй мянган үзэгчийг цуглуулж, хит дуунуудаараа сонсогчидтойгоо “уулзсан”. Түүнчлэн Гавьяат жүжигчин Б.Сарантуяа энэ сарын19-нд “Сэтгэлийн хөг” тоглолтоо МҮЭСТО-д хийхэд ч үзэгч дүүрэн байлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2020 онд шинэ уран бүтээлээ цацжээ. Түүнээс хойш өдий хүртэл шинэ дуугаргаагүй ч хуучны хит дуунуудаа шинэчлэн найруулж, дуулсаар байгаа.
Гавьяат жүжигчин С.Наран болон дуучин Б.Баярцэцэг нарын хамтарсан “Together” нэрт тоглолт 2022 онд болсон. Тэд эл тоглолтоо хилийн чанадад буй монголчууддаа хүргээд удаагүй байна. Дуучин Б.Баярцэцэгийн хувьд өнгөрөгч жилд хоёрч тоглолтын ард амжилттай гарсан. Энэ онд л гэхэд гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан “Bayartsetseg’s special night” гэх 12 дуунаас бүрдэх мини концертоо толилуулсан юм. Өмнөх жишгийн адилаар дээрх хоёр дуучин сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл гаргаагүй.
Түүнчлэн Гавьяат жүжигчин С.Жавхлан өнгөрсөн аравдугаар сард “Дулаан намар” гэх тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн билээ. Тэр сүүлийн жилүүдэд уран бүтээлээ идэвхтэй хийгээгүй, харин УИХ-д “тухалж” байснаа гэнэт л тоглолтоо товлож болж байв. Гэсэн ч тоглолтыг нь үзэх хүмүүсийн цуваа тасарсангүй. Өсвөр үеийнхнээс авхуулаад ахмад настнууд “Дулаан намар” тоглолтыг зорин очжээ.
29 жилийнхээ ойг угтаж буй “Камертон” хамтлагийн хувьд шинэ уран бүтээл сонордуулахгүй нэлээд удсан. Тэгвэл тэд хоёр сарын өмнө“Сэтгэлийн хүч” гэх дуугаараа үзэгч сонсогчд одоо бэлэг барьсан юм. Хамтлагийн гишүүд бүгд өөрөөр салбарт “хүч үзэж”, хувийн амьдралдаа анхаарал хандуулж байгаа. Гэсэн хэдий ч “Камертон”-ыхон Монголдоо жил тутам тоглолт хийдэг гэхэд болно. Үүнээс гадна хоёр жил тутамд гадаадаар аялан тоглож, хилийн чанаддахь монголчууддаа хит уран бүтээлүүдээ толилуулдаг байна. Тэр бүр шинэ уран бүтээл гаргаад байдаггүй ч “Камертон”-ы тоглолтодоо хүртэл “моод”-нд орсон хэвээр байна.
Үзэгчдийн хувьд нэг хэсэг нь тоглолтоо хийж буй дуучин заавал шинэ уран бүтээл гаргах ёстой гэдэг. Харин нөгөө хэсэг нь шинэ уран бүтээл бус, сонсож дадсан, дуртай дуунуудаа сонсох гэж тоглолтод ирдэг гэлцэх аж. Харин та юу гэж бодож байна вэ?
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн