Манай улсад анх удаа зохион байгуулсан “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын уралдаан өндөрлөлөө. Балет болон бүжгийн уг уралдааныг “G river ballet” студи болон СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Консерваторынхон хамтран зохион байгуулсан юм. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас уралдааныг дэмжин ажилласан.
Монголд өмнө нь балетын олон улсын уралдаанууд болж л байв. Тэгвэл энэ удаагийн уралдаан нь балетыг бүжгийн бусад төрөлтэй хамтатгаснаараа онцлогтой. Ийм хэлбэрийн арга хэмжээг БНСУ-ын Балетын холбооны ерөнхийлөгч, “World ballet and dance grand prix” уралдааны ерөнхийлөгч Пак Жае Кеүн санаачилсан бөгөөд өөрийн улсдаа 2016 оноос явуулж буй. Улмаар хүрээг нь тэлж, бусад улсад ч зохион байгуулдаг жишиг тогтсон юм. Нью-Йорк хотод ажиллаж, амьдардаг балетчин, багш, олон улсын уралдаануудын шагналт, “World ballet and dance grand prix New York”-ийн уран сайхны удирдагч У.Бат-Эрдэнэ уг арга хэмжээг Монголд зохион байгуулах хүсэлтийг Пак Жае Кеүнд тавьжээ. Тэрбээр манай уран бүтээлчдийн хүсэлтийг дэмжин, хамтран ажиллаж эхэлсний үр дүнд “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын уралдаан манай улсад анх удаа боллоо.
Анхдугаар уралдааны балетын хэсгийн шүүгчдийн ахлагчаар балетчин, ЗХУ, ОХУ-ын Ардын жүжигчин В.М.Гордеев ажиллалаа. Тэрбээр хойд хөршийн Их театрт 20-иод жил балетын гоцлооч байсан. Улмаар тус театрын балетын хэсгийн уран сайхны удирдагчийн албыг олон жил хашсан юм. Дараа нь “Русский балет” театрыг удирдан дэлхийн олон оронд тоглуулж, Оросын балетын урлагийн хөгжлийг танилцуулж байв.
-Манай улсад “Монголын гран при” нэрээр анх удаа балет болон бүжгийн олон улсын уралдаан явуулж байна. Балетын төрөлд шилдгээр шалгарсан оролцогчдын талаар онцолж юу хэлэх вэ?
-Шагналтнууд тодорсон. Шүүгчид, зохион байгуулах комиссын ажил тусдаа учир дүрэм зөрчиж, урьдчилан ярьж чадахгүй нь. Хаалтын тоглолтын эхэнд зарлах юм.
-Та Монгол Улсад анх удаа ирлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Ирэхийг үргэлж хүсдэг байсан ч боломж гаралгүй өдий хүрчээ. Намайг маш сайхан хүлээж авсан. Гол зохион байгуулагч “G river ballet” студийн хамт олон, Монгол Улсын Консерватор, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, мөн цаг гаргаж, хүлээн авч уулзсан нийслэлийн Засаг даргад баярлалаа.
-Балет сонирхогч бүсгүй танаас гарын үсэг авсан гээд баяртай байна лээ. Шүтэн бишрэгчидтэйгээ ч уулзаад амжжээ.
-Тийм ээ. Нээлтийн тоглолтын үеэр үзэгчдээс нэг бус хүн уулзлаа. Би ч тэдэнд баярласан. Намайг мэддэг хүмүүс олон юм байна.
-Дэлхийн балетын урлагт таны нэр тод шүү дээ. Тиймээс сонгодог урлагт дуртай, тодорхой түвшний хүмүүс анддаггүй байх.
-Монголчууд сонгодог урлагийн хөгжлөөр хаана явж буйг харуулж байгаа хэрэг болов уу.
-Та уралдааны ерөнхий шүүгчээр ажиллах явцдаа ихийг анзаарч, ажигласан болов уу. Монголд балет хөгжиж байна гэж хэлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Би зөвхөн уралдаан шүүсэнгүй. Консерваторт балетчдыг, мөн үндэсний бүжигчид бэлтгэдэг их сургууль, коллежид сурагчид, оюутнуудыг хэрхэн сургадагтай танилцлаа. Тэнд уралдаанд оролцогчид байсан нь аз болсон. Юу гэх гэж байна вэ гэхээр, зорилтот хөтөлбөрөөр уралдаанд тултал бэлтгэх, байнгын хичээлдээ оролцох хоёр заримдаа өөр байдаг. Уралдаанд сайн оролцсон нь хичээлдээ хайхрамжгүй хандах тохиолдол бий. Гэтэл энэ удаа оюутан, сурагчид аль алинд нь адил түвшинд явааг харах сайхан байлаа. Тэгэхээр багш нар сайн байна гэсэн үг. Суралцагчдаа байнгын бэлтгэлтэй, бэлэн байлгаж чадаж байна. Үндэсний бүжгийн багш нар уламжлалаа маш сайн хадгалж, хөтөлбөртөө шингээж авч явдгийг олж харлаа.
Эхний өдөр гэрт болсон орчин үеийн бүжгийн үзүүлбэр бүхий арга хэмжээг үзсэн. Тэнд залуу бүжигчдэд координацыг хэрхэн сайтар эзэмшүүлдэг болохыг ойлголоо. Үндэсний бүжгээр хичээллэх явцад олж авсан координац сонгодог балетад суралцахад сайн суурь болж өгдөг. Бас нэг зүйл ажигласан. Бүжгийн, балетын ч багш нар суралцагчдадаа яг л төрсөн хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа юм шиг хандах юм. Энэ маш чухал үзүүлэлт.
-Орост ч гэсэн тийм үү?
-Тухайлбал, Москвад л гэхэд их, дээд сургуульд элсэгчдийг мэдлэгийн түвшнээр эрэмбэлэн элсүүлдэг ч заримдаа мөнгөөр хэмжих гээд байдаг болсон. Боловсрол арилжааны шинж чанартай болоод ирэхээр мөн чанар нь алдагдах гээд байдаг талтай. Урлагийн сургуулиудад бас ийм байдал ажиглагддаг болсон. Тэгэхээр авьяасгүй нөхөд мэргэжлийн сургуульд элсэж орж ирээд байна гэсэн үг. Тийм хүмүүсийг сургах хэцүү. Ер нь сурах ч үгүй. Монголд бол зөвхөн сурах авьяастай хүүхдүүдийг сонгон элсүүлж чаддаг юм шиг санагдлаа. Тэгэхээр ирээдүй байна.
-“World ballet and dance grand prix Mongolia” уралдаан ямар ач холбогдолтой талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү.
-Олон улсын түвшний сайн уралдаан боллоо. Дэлхийн балетын ертөнцийнхний анхаарлыг татав. “Монголын гран при” дэлхийн балетчдын анхааралд байлаа. Гадаад ертөнцөд яаж харагдсан тухайд хэлэхэд ийм байна. Хамгийн чухал нь балетын залуу жүжигчдэд, оюутан, сурагчдад өөрийгөө хаана явааг мэдрэх боломж олголоо. Ер нь ямар ч уралдаан зохион байгуулахад оролцогчид авьяас чадвараа сорьсноор биеэ, оюун санаагаа илүү дайчилж чаддаг. Бие биеэсээ суралцдаг юм. Нэг удаа оролцохдоо тааруухан байсан бол дараагийнхад заавал чадах юм шүү гэсэн дайчин чанар бүрэлддэг ач холбогдолтой. Итгэл мохдоггүй, харин ч урагшаа явах хүч тэнхээ нэмдэг. Ер нь уралдаан зохион байгуулахын гол утга учир нь бэлтгэлд байдаг учиртай. Маш сайн бэлтгэлтэй байх нь өндөр ур чадвар бүхий гүйцэтгэл харуулахын нэр. Тэгэхээр миний бодлоор энэ уралдааныг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй. Магадгүй төр, засгийн түвшинд явуулдаг, төсөв хөрөнгө гаргадаг байвал Монголын балетын хөгжилд хэрэгтэй юм. Цаашилбал Монголын нэр хүнд өснө. Энэ уралдааныг зохион байгуулдаг улс орнууд бол дэлхийн балетын нэгээхэн хэсэг болж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс уралдааныг эх орондоо зохион байгуулахыг санаачилсан, түүнийгээ хэрэгжүүлсэн У.Бат-Эрдэнэд баяр хүргэе. Хэрэв үргэлжлүүлэхээр бол хоёр жилд нэг удаа зохион байгуулбал сайн. Жил бүр гэхээр оролцогчид залхах магадлалтай байдаг.
-Та эх орондоо уралдаан зохион байгуулж эхэлсэн байх аа?
-Тийм ээ. Москвад “Гран при надежд” гэдэг нэрийн дор уралдаан явуулж эхэлсэн. Би санаачилсан, өөрөө даргалсан, мөн шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч. Үүнийгээ манай улсад явуулдаг бусад уралдаанаас ялгаатай байлгахыг хүссэн юм. Тиймээс юуны өмнө 19 болон 24 хүртэлх насны гэсэн хоёр ангиллаар явуулахаар шийдсэн. Хэдийгээр уралдааны нас голдуу 27-гоор хязгаарлагдсан байдаг ч би 24-өөр “тасаллаа”. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд эдүгээ ид бүжиглэж байгаа юм уу, эсвэл тайзнаас буугаад удаагүй сайн балетчдыг урья гэж шийдсэн. Тэдний хараа, үзэл бодол сонирхолтой шүү дээ. Бага залууд нь олон жил хамтарч ажилласан, ямар ч үед найдвартай, “Русский балет” театрт ачааны хүндийг үүрч байсан У.Бат-Эрдэнэ өнөө ч мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр буйг мэддэг, бас холбоотой байдаг болохоор түүнийг шүүгчээр урьсан юм. Зөвшөөрсөнд нь их баярласан. Тэрбээр манай уралдаанд Монгол болон Америк гэсэн хоёр улсыг төлөөлж оролцсон, ажилласан. Харин энэ удаад би түүний урилгаар Монголд ирээд байна.
-Та хоёр хэзээнээс хамт ажилласан бэ?
-1987 оноос Пермийн Балетын сургуулийн оюутан байхаас нь мэддэг болсон юм. Тэрбээр сургуулиа төгсөөд, эх орондоо хэсэг хугацаанд ажилласныхаа дараа Москвад очоод, улмаар манай театрт ажилд ороход нь талархан хүлээж авсан. Түүнд мэргэжлийн сургуульд олж авсан мэдлэгээс гадна хөнгөн үсрэх, хэцүү эргэлтүүдийг чадамгай гүйцэтгэх сайн техник, чадвар байв. Тэр төрөлхийн координац сайтай. Энэ нь аливаа хөдөлгөөнийг дарааллын дагуу яв цав, хурдан, үр дүнтэй хийх чадвар юм. Тухайн үед би театрынхаа уран сайхны удирдагчаар ажиллаж, бас бүжиглэсэн хэвээр байлаа л даа. Заримдаа бид хоёр халз тулж, хэн нь хэн болохоо үзэх гэсэн мэт бүжиглэдэг байлаа. Тэгэхэд “ялалтын туг” түүний гарт л байдаг байлаа. Тэр үед би театрын уран сайхны бодлого барьдаг удирдагчийн хувьд баярладаг ч балетчны хувьд ялагдсандаа сэтгэл гонсгор болдог байлаа. У.Бат-Эрдэнэ жүжиг дэх хамгийн хүнд трюкүүдийг гүйцэтгэдэг байсан юм. Үүний зэрэгцээ сэтгэл татам олон сайхан дүрээр уран бүтээлийн галерейгаа байгуулсан балетчин. Ийм хамтрагч, анд нөхөр минь “Эх орондоо олон улсын балетын уралдаан зохион байгуулах гэсэн юм, шүүгчээр ажиллахыг урьж байна” гэхэд нь би яаж татгалзах билээ. Маш баяртайгаар хүлээн авсан. Монгол орон, монголчууд таалагдлаа.