ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн монгол гэрийг олон нийтэд таниулах зорилгоор “Монгол гэр” үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 12 хүртэл толиулах юм. Уг үзэсгэлэнд аймаг бүр өөрийн гэсэн онцлогоор гэрээ тохижуулан оролцож байна. Орхон аймаг л гэхэд “Эрдэнэт хивс” компанийн бүтээгдэхүүнээр гэрээ тохижуулжээ. Өвөрхангай аймгийнхан гэрээ Өндөр богдын өргөө хэмээн нэрлэж, барлах урлагийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэн, хэрхэн хийх зэргийг зочдодоо танилцуулж байв. Мөн монгол гэрийг хэрхэн барих, сийлбэрлэх, будах зэргийг зочлон ирсэн хүн бүрд тайлбарлацгааж байна. Магадгүй энэгэр бусдаасаа хамгийн олон хөтөлбөртэй нь байж болох юм. Гэрийн хоймор хэсэгт барлах, монгол гэрийг урлах зэргийг танилцуулж, үүдэнд нь эсгий ширдэг урлах, утас ээрэх зэргийг зааж байлаа. Гэрийн бүслүүрээс эхлээд өрхний оосор томохыг ч тэд зааж өгнө. Түүнчлэн зүүн хэсэгт шагайгаар наадацгаана.
Үндэсний номын сангийнхан Баян-Өлгий аймгийн өргөөнд “Гэр” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм. Уг боловсролын хөтөлбөр нь монгол гэр, түүний бүрдэл хэсэг, уламжлалт зан үйлийн талаар оньсого, өвөрмөц хэлц, үг хэллэгээр оролцогчдын мэдлэгийг сорив. Асуултдаа бүрэн хариулсан оролцогчдод ном бэлэглэж байлаа. Гэр бүрийг 2-3 хүн хариуцах бөгөөд гадаадын жуулчдад англи хэлээр гэрийнхээ тохижилтыг танилцуулна. Ингэхдээ үндэсний хувцсаараа гоёцгоожээ. Гэр бүрийн яс модыг уран нарийн хийцтэйгээр сийлж, авдар саваа хүртэл угалзруулжээ.
Хүүхэлдэйн театрынхан хүүхдийн жүжгийг өчигдөр толилуулсан юм. Талбайд сандал байхгүй тул хүүхдүүд газарт сууцгаажээ. Уг жүжгийг хүүхдүүд гэлтгүй эцэг, эхчүүд нь шимтэн үзэж байлаа.
Бэлтгэсэн А.Үүл