Хэзээ ч бүтэшгүй мэт хайрынхаа төлөө үргэлж тэмцэх биш, заримдаа зөнд нь орхиж, үл тоомсорлох нь хамгийн зөв арга байж магадгүй юм. Гэхдээ энэ бүхний эцэст ил ч бай, далд ч хайртайгаа мэдрүүлж, түүнийгээ бодож, шаналсан үед л романс үүсдэг аж. Харин “Дурлалын ундаа” хошин дуурьд нэг ч гуниг, эмгэнэлт төгсгөлгүй үлгэрийн ч гэмээр хайрын түүхийг үзчих нь тэр.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд ДБЭТ-ын уран бүтээлчид Италийн дуурийн хөгжмийн зохиолч Г.Доницеттигийн “L’elisir d’amore” буюу “Дурлалын ундаа” дуурийг тоглолоо. Театрын үзэгчдийн танхимд “L’elisir d’amore” хэмээн бичсэн сонирхол татам баглаа, боодолтой дарсыг худалдаж харагдлаа. Түүнчлэн заалны баруун, зүүн жигүүрээр явахад нэр бүхий уран бүтээлүүдийн найруулгыг шингээсэн тайз зассан байв. Мэдээж театрыг зорин ирсэн үзэгчдэд зориулсан зураг авхуулах орчныг нэлээд ач холбогдол өгч бэлдсэн харагдлаа.
Энэ сарын 24-нд театрын уран бүтээлчид, удирдлагууд тус уран бүтээлийнхээ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлын үеэр Монголд анх удаа уг дуурийг тоглох гэж буйгаа онцолж байсан юм. “L’elisir d’amore” дуурь XIX зууны эхэн үед Италийн нэгэн тосгонд өрнөх үйл явдыг харуулдаг. Харин залуу найруулагч Б.Мэндбаяр уг дуурийн үйл явдлыг энэ зуунд өрнөж буйгаар дүрслэн найруулсан нь онцлог юм. Тайзан дээр мотоцикл, савхи, гинж, орчин үеийн хэв маягтай чөлөөт хувцас өмссөн жүжигчдийг та үзэх болно. Театрт тоглодог жүжгүүд эртний, эрхэмсэг, Өрнийн шинжийг агуулсан байдаг бол энэхүү дуурь үзэгчдэд илүүтэй хүрэх дээрх шийдлүүдийг агуулж, хошигнол хийгээд хайрыг тун хөнгөнөөр өгүүлжээ.
Тосгоны залуу Неморино фермийн эзэн, үзэсгэлэнт авхай Адинад дурласан. Бүсгүй түүнийг хайхардаггүй агаад хайрыг нь хүлээн авахаас татгалздаг. Харин энэ үед цэргийн баян түрүүч Белькоре Адинад гэрлэх санал тавина. Зохиолын гогцоо дүр болох доктор Дулькамара тосгонд ирж, юуг ч анагаах шидтэй эмийг худалдахад Неморино бусдыг өөртөө дурлуулдаг шидэт ундааг түүнээс авснаар шинэхэн үйл явдлууд өрнөх болно. Харамсалтай нь, тэр нь энгийн л дарс байх нь тэр. Олон драм, үйл явдлын эцэст Адина, Неморино хоёр бие биедээ дурлаж, сүй тавьснаар жүжиг аз жаргалтай төгсдөг. Энэхүү уран бүтээл Немориногийн “Una furtiva lagrima”, Адинагийн “Prendi, per me sei libero” зэрэг алдартай аритай. Түүнчлэн бүх насны үзэгчдэд зориулсан гэгээн, гэгээлэг үйл явдлыг өгүүлж, сэтгэл татам хөгжмийн найруулгаар баяжуулсан нь “Дурлалын ундаа”-г дэлхийн дуурийн урын санд “дархалсан” аж.
Дүрд шалгуур тавьж, хүлээлт үүсгэдэг үзэгчид театрынх байх нь элбэг. Энэ дуурийн уран бүтээлчид бол яг л “мөрөөдлийн баг”. Учир нь ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Б.Гомбо-Очир нар хоршиж, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт, Б.Одонзаяа нар гоцолсон юм. Цэргийн түрүүч Белькорегийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Л.Бүүвэйбаатар, Л.Болдцэрэн, эмч Дулькамарад гоцлол дуучин Б.Монголхүү, Ж.Бямбажав нар ажилласан. Дуурийн туршид “мэргэжлийн” бөгөөд “цуцашгүй” гэх үг л бодогдож байлаа. Хоёр сарын хугацаанд уран бүтээл дээр ажилласан ч тун чамбай, алдаа мадаггүй.
ДБЭТ-ын удирдаач Т.Юндэн “Шинэ дуурь тавихад хамгийн багадаа 4-5 сар бэлддэг. Энэ дуурийн хувьд богино хугацаанд шаргуу ажилласан. Бид эл дууриа жилдээ тогтмол тоглодог байя гэсэн байр суурьтай байгаа” хэмээжээ. Тэрбээр П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, Ж.Чулууны “Уран Хас”, А.Аданы “Жизель” дуурийн шинэчилсэн тавилтыг удирдсан туршлагатай. Немориногийн дүрд ажилласан гоцлол дуучин Б.Гомбо-Очир бүтэлгүй мөртлөө үнэнч зүрх сэтгэлийг дуу хоолой, үйл хөдлөлөөрөө элдэв маяггүй яг таг бүтээснийг дурдах нь зөв. Тэр өөрийгөө их “эвджээ”. Жүжгийн сүүлийн үзэгдэлд “Una furtiva lagrima” арийг дуулах үед үзэгчид жинхэнээсээ “ууссан”. Неморинотой нийлж шаналсан. Тэрбээр “Энэ дүрийг бүтээхэд эргээд хүүхэд насандаа очсон юм шиг гоё мэдрэмж авч байгаа. Залуу хүн хайр дурлалынхаа төлөө хүүхэд зангаараа тэмцдэг” хэмээж байсан юм.
Энэхүү уран бүтээл бүхэлдээ оркестр, дуучин, удирдаач гурвын хоршлыг үзэгчдэд харууллаа. Ялангуяа чансаатай дүрийг бүтээхэд дуучдад дан ганц дуу хоолой хангалтгүй агаад тэдний жүжиглэх авьяас дуу хоолойноос дутуугүй тайзнаас “эгшиглэдэг” аж. ДБЭТ-ынхан залуу уран бүтээлчдээ чансаатай бүтээлүүдэд сойгоод эхэлжээ. Энэ тохиолдолд үзэгчид бид л бүтээлийг соргог шүүж, сэтгэлийн цэнгэл эдлэх биз ээ.
Бэлтгэсэн Д.Хүслэн