Английн зохиолч Жорж Орвелл Сталины дэглэм дорх ЗХУ-ыг санагдуулам тоталитарист улсууд хуваан захирсан, ойрын үед бий болж болох дэлхий ертөнцийн аймшигт ирээдүйг зөгнөсөн зохиолоо аль 1948 онд бичив. 1984 гэдэг нь тус зохиолыг бичиж байсан үе буюу 1948 оны 4 ба 8-г нь сольж тавьсан анаграм аж. Хяналтат нийгмийн аюултай байдлын тухай өгүүлсэн тус зохиолын өгүүлэмж нь компьютер ашиглан хүмүүсийн хувийн мэдээллийг хянах систем ашиглагдаж буй өнөө цаг үед ч үнэ цэнээ алдаагүй билээ.
Дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний уг бүтээлийг М.Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, тэртээх 1948 оны анаграм үйл явдал өнөө ч хэвээр, бүр Улаанбаатар” зочид буудлын ИХ ТАНХИМЫН тайзнаа үргэлжлэх нь ээ.
Бид таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэмд аж төрж байгаа биш гэж үү. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Зохиолын гол дүр буюу УИНСТОН СМИТИЙН дүрийг жүжигт Монгол Улсын гавьяат жүжигчин С.БОЛД-ЭРДЭНЭ амилуулна.
ТОМ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА!