УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна. Төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөгөөр, зарлагыг 27.2 их наяд төгрөгөөр тооцоолж, Улсын төсөв 5 их наядаар тэлж байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Боловсруулах үйлдвэрүүдийн тухайд Б зөвшөөрөл нэмж байгаа. Ашигт малтмалын тухайд хуульд уг асуудлыг тусгаж өргөн барьсан. Зөвшөөрлийн зөвлөл хуралдаад энэхүү зөвшөөрлийг нэмэх нь зөв гэж үзсэн. Цаашид уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ биржээр зарж, биржийнхээ үнээс АМНАТ тооцно. Зэсийн үнэ олон улсын дунджаас өндөр байгаа. Тиймээс зэсийн АМНАТ-ийг дэлхийн зах зээлийн хэмжээнд ойртуулж байгаа. Энэ нь хайгуулыг дэмжих, цаашид зэсийн ордыг хайж илрүүлэх зорилготой" гэв.
2023 оноос төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгож эхэлсэн. 1 жилээс дээш ажиллавал 1, 2 жилээс дээш 2, ... 12 жилээс дээш 12 хувь гэх мэт нэмэгдэх юм. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно. Түүнчлэн орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг 2024 оны төсвийн төсөлд оруулж өгсөн.