УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-наас өмнө өөрчлөх хуулийн заалттай.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, тэдний оролцоог хангах чиглэлээр нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулж байна. Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хорооны тоо 2148. Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэнэ. Мөн Сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байдлаар явуулах чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулж өгөх ёстой” гэлээ.
Сонгуулийн сурталчилгааны үед 70-80 мянган самбар улсын хэмжээнд хэвлэгддэг. Тиймээс иргэдэд ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн самбартай болгох талаар тусгасан байна. Ингэсээр улсын хэмжээнд 1523 самбар хийгдэж зардал буурна гэж хуулийн төсөл санаачлагчид тооцоолжээ. Мөн сонин хэвлэл, сэтгүүл, ухуулагчдын тоог багасгах юм. Түүнчлэн өнөөдрийн танилцуулж буй хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөд орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацааг 10 хоног болгох талаар тусгажээ.