Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний манлайлах ур чадварын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх сард зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаад байна.
Уг хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 26-ны өдөр болж, хуралдаанаар хурлын ерөнхий зохион байгуулалт, хөтөлбөр, оролцох бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэв.
Хурлаар үндсэн хоёр, хавсралт 6 илтгэлийг хэлэлцүүлэх бөгөөд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас шалгарсан залуу офицеруудын шилдэг илтгэлийг оролцогчдод хүргэх, эмхэтгэлд оруулахаар төлөвлөсөн ажээ.
Мөн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр оролцогчдын идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлэх зорилгоор хэлэлцүүлгийн цагийг уртасгах зэрэг бусад чиглэлээр гишүүд саналаа тусгаж төгсгөлд нь Батлан хамгаалахын дэд сайд, Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай хурлыг явуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, үр дүнг тооцох шаардлагатайг онцолсон юм.
Эх сурвалж: Хурандаа Б.ОТГОНБАЯР