Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, дэд түрүүч Ган-Очирын Баттулга 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албанд мордож Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хуваарилагджээ. Тэрээр Мотобуудлагын батальоны 1 дүгээр ротын 1 дүгээр салаанд 3 дугаар тасгийн захирагчийн алба хааж байна.
Цэрэгт ирэхийн өмнө Соёл урлагийн их сургуулийг кино телевизийн зураглаач мэргэжлээр төгсөж телевиз, хувийн студид зураглаачаар ажиллаж байжээ. Ангид алба хаагаад удаагүй ч “Оны шилдэг түрүүч”-ээр шалгарсан байна. Түүний удирдсан тасаг ангиас зохиогддог уралдаан тэмцээнд идэвхтэй оролцож ирсэн. Төрөл бүрийн нормативын тэмцээн, сагсан бөмбөг, волейболын тэмцээн зэрэгт эхний байруудыг голдуу эзэлж иржээ.
Салааны захирагч дэслэгч Б.Дашмягмар, салааны захирагчийн орлогч ахлагч Б.Сүхбаатар нар захирагдагсдаа чадварлаг удирдаж, цэргийн эрдмийг зааж сургадаг байна. Тэдний хүч нөлөөгөөр дайчид бид нэгдмэл хамт олон болж нягтарсан гэж дэд түрүүч Г.Баттулга ярьсан.
Түүний тасагт Ж.Отгонбаатар, Ж.Отгонбаяр ихэр дайчид алба хаадаг байна. Бас нэг тасгийн он жав байлдагч М.Мягмардорж гэргийгээ төрөхөд ЗХЖШ-аас олгосон 10 хоногийн чөлөөгөөр яваад иржээ.
Дэд түрүүч Г.Баттулга өөрийн мэргэжлийн дагуу ангидаа “Батальон студи” байгуулж болж өнгөрсөн үйл явдлуудыг баримтжуулах, цэргийн албыг сурталчлах, дайчин нөхдөө соён гэгээрүүлэх ажил хийж буйг сонсоход таатай байсан. Түүний санаачилга, ажил үйлсийг мотобуудлагын батальоны соёл хүмүүжлийн офицер ахлах дэслэгч Б.Батзаяа сайн дэмжиж, боломж нөхцөлөөр хангаж ажилладаг ажээ.
Мөн түүний он жавууд болох дэд түрүүч Б.Мэндсайхан зураглаач, эвлүүлэгч, байлдагч Ц.Онги текст, үг утга зүйн найруулга, байлдагч Х.Сүхбат нь туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэдэг байна.
Тэд өөрсдийн санаачилсан тус студийнхээ тусламжтай он жавуудынхаа дурсамж дурдатгалыг архивлан хадгалахын зэрэгцээ ангийнхаа 50 жилийн ойд зориулан тус ангийн түүхэн товчоогоор богино хэмжээний баримтат киног хийж өгч бэлэг барьсан байна. Ангийн удирдлага, хамт олон ч түрүүч, байлдагч нараа мэргэжлээрээ ажиллахад нь дэмжлэг үзүүлж, шинэ санаачилга бүрийг нь ажил хэрэг болоход нь чин сэтгэлээсээ тусалдаг байна.
Эх сурвалж: "Залуу жанжны хороо" ном