Дорнодын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг багийнхаа дөрвөн гишүүний хамт тус аймгаас Улаанбаатар хот хүртэлх 670 км замд “Тэргэнцэртэй марафон-2023” аялал зохион байгууллаа. Тэд аяллаа энэ сарын 10-нд эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Улаанбаатарт ирж буй юм. Д.Батхуягтай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-“Тэргэнцэртэй марафон-2023” аяллыг ямар учраас зохион байгуулахаар болов?
-Бид Дорнод аймгийн төвөөс гараад 20-иод хоног явлаа. Маргааш (өнөөдөр) өглөө зорьсон газраа очно. Хоёр тэргэнцэртэй гарсан ч нэгтэйгээ л очих нь. Бидний гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлэх юм. Тиймээс тэргэнцэртэй аялснаар илүү олон хүн анхаарч, үр дүнд хүрэх болов уу гэж бодсон. Би аймагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д 16 жил ажиллаж байна. Цалин урамшуулал авдаггүй, сэтгэлээрээ ажилладаг. Гэтэл дүүрэг, сум, багуудад ажилладаг хэсгийн ахлагч бүр цалин авдаг шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал маш олон бий.
Тиймээс бусдынхаа өмнөөс дуу хоолойг нь илэрхийлэх хүслээр л ингэж явна даа. Бидний зорьж ирсэн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүлээж авч уулзахаар болсон гэх мэдээ сонслоо. Сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм байна. Бид уулзах хүмүүсийнх нь тоонд багтсан гэнэ. Чадна гээд л бид аялалд гарсан. Зорьсон зүйлийнхээ үр дүнг үзчихээд буцах хүсэлтэй. Надтай маш олон хүн холбогдож, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Биднийг Монголын дугуйн холбоо, Гүйгчдийн холбоо, Дорнод аймгийн Нутгийн зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл нийслэлд угтаж авахаар боллоо.
-Хол зам туулахад бэрхшээл их тулгарав уу?
-Ингэж явах нь амь өрссөн зүйл юм байна. Замд гурван өдөр бороотой, хоёр өдөр салхитай байлаа. Бороотойд хувцас нэвт норсон. Бүгд замдаа ханиад хүрлээ. Зогссон газраасаа эм авч уугаад л яваад байв. Шөнө нь майхнаа бариад, усан дунд ч хонож үзлээ. Замд машинууд хажуугаар маш ширүүн, хурдтай явж байсан. Биднийг тоохгүй, ойлгохгүй байж болно. Гэхдээ жаахан ч гэсэн сэтгэл гаргаж, хурдаа сааруулаасай гэж бодож явлаа. Ялангуяа ачааны машин хурдтай өнгөрөх хэцүү юм байна. Харин зарим жолооч хурдаа хасаад “Сайн яваарай”, “Амжилт хүсье” гэж байсан шүү.