Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Энхтуул улсын дөрвөн удаагийн аварга. Олон улсын цанын холбооны цуврал тэмцээн, “Дэлхийн цом”, ДАШТ-д эх орноо төлөөлж оролцдог тэрбээр багийнхантайгаа Швейцарын цанын баазад, залуучуудын шигшээ багийнх нь дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлагад бэлтгэл базаадаг. Өмнөд хөршид болсон “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд өөрийн үндсэн төрөл болох эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 10 км-ийн уралдаанд тэрбээр 85, спринт (1.5 км) зайд 79 дүгээр байр эзэлж байв. Үүнээс өмнө 2015-2016 онд “Васалофит” олон улсын марафоноос мөнгөн медальтай ирсэн юм. Дараа жил нь Финландын Лахти хотыг зорихдоо ДАШТ-ий Б зэрэглэлийн таван км-ийн уралдаанд IX, Австри улсын Зефилдэд 2019 онд болоход нь IV байрт шалгарч байлаа. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан ДАШТ-д өрсөлдөхдөө монгол цаначдаас цагийн үзүүлэлтээр хамгийн өндөр амжилт гаргажээ.
-Цанын спортынхон өвөл голдуу бэлтгэл хийдэг. Таны хувьд дотоод, гадаадын тэмцээнд оролцож, хамгийн завгүй өнгөрүүлдэг улирал нь энэ байх.
-Тийм ээ, намар болохоор цас хурдан ороосой гэж хүсдэг. Миний хувьд энэ жил хилийн дээс гурван удаа алхлаа. Швейцарт болсон өвлийн олимпын оноо олгох тэмцээн, дараа нь Францыг зорьж, “Дэлхийн цом”-ын цуврал, Словенийн Планика хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан ДАШТ-д эх орноо төлөөлж оролцоод ирсэн. Аль алинд нь хурд сорих амаргүй байв. Швейцарын өвлийн цаг агаар манайхаас өөр. Тэнд дулаан, чийглэг уур амьсгалтай бол Монголд хүйтэн, цас бага ордог. Европын орнуудад цана үндэснийх нь спорт шиг хөгжсөн. Үүнээс Норвег, Швед, ОХУ шилдэг тамирчидтай. Манай улсад өвлийн спортын тамирчдыг дэмждэг байгууллага хуруу дарам цөөн. Монголын цанын холбоо, МҮОХ, БТСУХ-ноос үндэсний шигшээ багийнхныг дэмжиж, гадаадын тэмцээнд оролцуулдаг. Би “Алдар”-ын босгоор алхаад багагүй хугацааг үджээ. Тус спорт хорооны дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ багш анх санал тавьснаар тамирчин нь болсон юм. Үүнээс өмнө зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчин байхдаа Ж.Дашдондог багшийн удирдлагад бэлтгэл хийж, өнгөрсөн жилээс Д.Баттулга дасгалжуулагчийн удирдлагад үргэлжлүүлж байгаа.
-Одоо хавар болсон болохоор танд гэртээ тухлах зав гарах уу?
-Цанын тамирчид хавар, зун ч бэлтгэлээ таслалгүй хийдэг болохоор гэртээ өнжих нь ховор. Нэг дүү минь “Та гэртээ ер харагддаггүй. Би таныг яг юу хийгээд явдгийг ойлгохгүй юм” гэж билээ. Спортын талбарт тулгардаг асуудлыг би ч бас тойроогүй, тамирчдын адил туулж яваа. Хүн л юм чинь хааяа шантарч, сэтгэлээр унана. Хэдий хэцүү санагддаг ч энэ спортдоо дуртай болохоор зорилгоо бодоод урагшилдаг. Тийм үед “Нэгэнт тэмүүлсэн юм чинь тууштай зүтгээд үр дүнг нь харъя” гэж өөртөө хэлнэ. Цанын спорт маш их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг. Өвлийн тэсгим хүйтэнд гадаа бэлтгэл хийх хэцүү. Гарын хуруу, хацраа хайруулах энүүхэнд. Халшрахаараа Ж.Дашдондог багшдаа болих талаар хэлэхэд хэд хоногийн дараа “Энхтуул аа, бэлтгэлээ хийж байвал зүгээр шүү. Чиний яриад байсан асуудал юу болов” гээд эвтэйхэн ярьж ойлгуулаад буцааж авчрах жишээтэй. Хааяа өөрийнхөө талаар эргэцүүлж суухдаа шавь нарынхаа арга эвийг олж сурсан багшийнхаа ухаанаар бахархдаг юм.
-“Бээжин-2022” өвлийн олимпын цанын тэмцээн хүчтэй салхитай, хүйтэн жихүүн өдөр болсныг саналаа. Цаначид бүхнээ шавхаад уралдаж харагдсан.
-Би тав, 10 км-ийн зайд уралддаг. Бээжингийн өвлийн олимпын эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 10 км-ийн уралдаан хүйтэн, хүчтэй салхитай, цаг агаарын хувьд таагүй өдөр болж таарсан. Үзэгчид хүртэл хүчтэй шуурганд тогтохгүй унаж байв. Цаначдын амжилтад цаг агаарын хүндрэл багагүй нөлөөлсөн. Дэлхийн шилдгүүдээс Норвег улсын Тереза Йохауг түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртэж байлаа. Түүний араас шил дарсан Финландын Кертту Нисканен мөнгө, Криста Пармакоски хүрэл медаль зүүсэн юм. Тереза Йохауг өвлийн олимпын дараа зодог тайлсан. Түүний хувьд тамирчны карьераа өндөрлүүлсэн хамгийн сүүлчийн тэмцээн нь тэр байв.
-Та алдартай цаначдаас хэнийх нь ур чадвараар бахархдаг вэ?
-Надад “Пёнчан-2018” өвлийн олимпод түрүүлж, зодог тайлсан Норвегийн домогт цаначин Марит Бьоргений уралдах техник таалагддаг. Тэрбээр өвлийн олимпын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчин. Мөн АНУ-ын алдарт цаначин Жессика Диггинсийн ур чадвараар бахардаг. Шавилхан биед нь баймгүй гэмээр хурд гаргаж уралддаг тамирчин. Би дэлхийн шилдэг цаначдын амжилт гаргасан тэмцээнийх нь бичлэгийг сонирхож үзэх дуртай.
-Гадаадын тамирчид ямар ч тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй багтай оролцдог. Тэднийг амжилт гаргах, эсэх нь судалгааны багийнхных нь хэрхэн ажилласнаас хамаардаг санагдсан шүү.
-Гадаадын тамирчид дасгалжуулагчаасаа гадна тэмцээний үед бүх зүйлийг нь хариуцаж ажилладаг багтай. Би Швейцарт бэлтгэл хийхдээ олон зүйл ажигласан. Тэд Бээжингийн өвлийн олимпоос нэг сарын өмнө судалгааны багаа тэмцээн болох газрын орчин нөхцөл, цаг агаар, уур амьсгал, цасны байдлыг нь судлуулахаар явуулсан юм. Судалгааны багийнхан нь очсон даруйдаа бүх зүйлийг нэгбүрчлэн судалж, мэдээлэл өгснөөр цанын тосолгоог хийж, туршилтад оруулсны дараа тамирчид нь уралдах цанаа сонгож байв. Томоохон багтайгаа ирсэн тамирчдыг хараад “Монголын цаначид хэзээ тэдэн шиг бүрэлдэхүүнтэй оролцох бол” гээд атаархах бодол өөрийн эрхгүй төрдөг. Бид Бээжингийн өвлийн олимпод оролцохдоо дасгалжуулагч, бариач эмчтэй явсан. Тэр үед эмчтэй байхын давуу талыг мэдэрсэн. Уралдааны дараа эмч бариа хийхэд ядаргаа арилж, сэтгэл тайвшраад сайн амардаг юм билээ. Тэмцээний өмнө хэрхэн хооллох талаар зөвлөдөг байсан нь бас их хэрэг болсон. Хол, ойрын зайн уралдаанд ийм хүнс тохирно гээд бидний хоолыг сонгож өгдөг байлаа.
-Орхон аймагт болсон Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI их наадмын цанын уралдаанд таныг гарцаагүй түрүүлнэ гэж бодож байлаа. Гэтэл бодсоноор болсонгүй.
-Тус спартакиадын цанын тэмцээнд оролцохдоо түрүүлж чадаагүй. Уралдсан бүх зайдаа V байр эзэлсэн намайг тэр үед олон хүн аварга болно гэж хүлээсэн байх. Дандаа түрүүлнэ гэж юу байх вэ. Тамирчид тэмцээнд өгөө, аваатай л өрсөлддөг. Өмнө нь түрүүлдэг байснаа энэ удаа медалиас мултрахад би өөрөө ч их гайхсан. Би тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө ханиад хүрсэн юм. Үүний нөлөө уралдахад анзаарагдсан. Гараанаас сайн гарсан ч амархан ядарч сульдаад байв. Эмэгтэйчүүдийн цанын уралдаанд шигшээ багийнхнаас Э.Ариунтунгалаг алтан медаль хүртлээ. Тэрбээр багаасаа цанаар хичээллэж, амжилт гаргаж яваа тамирчин. Тэр тэмцээний дараа “Дэлхийн цом”-ын цувралд оролцоход бие минь дээрдэж, сэргэсэн байлаа. Тамирчин хүн ямар ч үед эрүүл мэнддээ анхаарал хандуулж, сахилга баттай байх ёстойг сайн ойлгосон шүү.
-Хойд хөршийнхөн цана, биатлоны спортод хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэдний оролцоогүй тэмцээн цаанаа л нэг сонирхолгүй болох юм.
-ОХУ-ын тамирчид Норвегийн шилдгүүдийн гол өрсөлдөгч. Тэдэнтэй эн тэнцүү уралддаг оросууд энэ жилийн тэмцээнүүдэд оролцоогүй. Тэдний өрсөлдөөнгүй уралдаан уйтгартай, давсгүй хоол шиг санагдсан. Үзэгчид цанын уралдаанаас хойд хөршийнхний ур чадварыг харж бахархдаг. Тиймээс орон зай нь үгүйлэгдэж байгаа ньмэдрэгдсэн. Оросууд оролцоогүй үед норвегчууд түрүүлдэг. Бусад орны цаначидтай харьцуулахад оросууд зан чанарын хувьд нээлттэй, бас их ширүүн. Тэд тэмцээний үед баярлаж догдлох, гомдож бухимдах гээд сэтгэл зүйн байдлаа чөлөөтэй илэрхийлдэг.
-Та Булган аймгийн Тэшиг сумаас төрсөн шилдэг тамирчдын нэг. Шигшээ багт нутгаас тань гурван цаначин бий байх аа?
-Тийм ээ, шигшээ багийнхнаас О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ бид гурав Булган аймгийн Тэшиг сумынх. Тэд надаас дүү. Тэмцээнд олон жил хамт оролцсон цаначдаас Б.Ачбадрахтай ойр нөхөрлөж, зөвлөгөөг нь сонсдог. Хаана ч явсан түүний тус их. Би дөрвөн охинтой айлын хоёр дахь нь. Аав, ээж минь малчин, сумын төвөөсөө алслагдсан газар амьдардаг. Би есдүгээр ангид суралцах жилээ Орхон аймагт шилжиж ирсэн юм. Миний цанын анхны багш Р.Цогзолмаа эгч. Тэрбээр тэр үед цанаар хичээллэдэг байсан тул намайг энэ спорттой нөхөрлөхөд хөтөлж байв. Би волейболоос цанын спорт руу урвачихсан хүн шүү дээ. Хүүхэд байхдаа волейбол сонирхож, үеийнхэнтэйгээ тоглодог байлаа. Намайг өөр спортоор хичээллэхийг хараад волейболын багш эхэндээ их гайхсан. Учир нь би цанад сонирхолгүй, волейболд дуртайгаа эгчдээ хэлдэг байсан юм. Тэр жилийн хавар Булган аймагт волейболын тэмцээн боллоо. Багш нар намайг тэмцээнд авч явах гэтэл эгч явуулсангүй. Тэрбээр намайг буцаад волейбол тоглох вий гэж бодсон шиг байгаа юм. Эгчийгээ тэгж их дургүйцсэнийг тэр үед гайхаад өнгөрсөн ч хожим учрыг нь ойлгосон. Түүнээс хойш волейболын тэмцээнд оролцох талаар надаас ер асуугаагүй. Өнгөрсөн жил Бээжингийн өвлийн олимпод оролцоход сургуулийн минь волейболын багш Энхцэцэг баяр хүргэсэн шүү. Түүний удирдлагад волейболоор хичээллэсэн шавь нар нь сайн яваа харагддаг.
-Нутагтаа жил бүр очиж амардаг уу?
-Шигшээ багт хөл тавьснаас хойш нутагтаа очих зав бага гарах болсон. Энэ жил гэхэд аав, ээждээ ч золгож амжаагүй явна. Тамирчны хувьд хилийн дээс алхсан ч, онгоц буудал дээр байсан ч, тэмцээний талбарт уралдсан ч биеэ зөв авч явахыг хичээдэг. Хаана ч очсон үзэгчдэд нь Монголын цаначид ийм байдаг юм гэх өөдрөг сэтгэгдэл төрүүлэх сэн гэж боддог.
-“Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцохдоо Швейцарын дасгалжуулагч Марко Айсеншмидтэй уулзав уу?
-Уулзсан. Тэрбээр залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч болохоор “Дэлхийн цом”-ын тэмцээнд тамирчид нь хараахан өрсөлдөх болоогүй. Швейцарт очихдоо түүний удирдлагад бэлтгэл хийдэг тул найрсаг харилцаатай байдаг юм. Энэ жил цанын ДАШТ-д оролцохын өмнө түүний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг мэргэжилтнүүд Б.Ачбадрахын цаныг тосолсон. Тэмцээнд хэр сайн уралдах нь цанын тосолгооноос их хамаардаг. Бид тэдэнтэй зөвлөлдөж ярилцаад ДАШТ-д уралдах цанаа ч бас сонгуулсан.
-Цанын спорт хэр өртөг өндөртэй вэ?
-Өртөг өндөртэй спортын төрөлд багтдаг. Цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчид ивээн тэтгэгч байгууллагатай. Бид Европын орнуудаас цанаа сонгодог. Тухайн тамирчин нэг цанаар бэлтгэл хийхгүй шүү дээ. Шигшээ багийнхан өнгөрсөн жилээс цанын хэрэгсэлтэй болсон юм. Манайхан “Fischer” брэндийн цанаар гулгадаг. “Fischer”-ийн цана дэлхийд чанар, загвараараа тэргүүлдэг тул хэрэглэгч олонтой. Цанаа тосолж, улыг нь хусаж, арчих тусам амархан мууддаг. Тиймээс жил бүр чанар, загвар, хэрэглэл сайтай цана сонгохыг хичээдэг юм.
-Аав, ээжтэйгээ ойрын үед холбогдож ярив уу?
-Аав, ээж хэд хоногийн өмнө холбогдохдоо “Чи гэртээ заавал ирж амраарай” гэсэн. Манайхан цанаар хичээллэхэд эхэндээ нэг их ойшоодоггүй байсан ч одоо сайн дэмждэг болсон шүү. Бэлтгэлдээ анхаарал хандуулаад холбоо барихгүй жаахан удвал санаа нь зовоод эхэлдэг. Намайг тэмцээнд хэр оролцсоныг сонирхож, хамаатны ах, дүүсээс асуудаг гэнэ лээ. Тэд минь “Биеэ бодож байгаарай. Бэлтгэл хийхдээ бэртэж, гэмтэхгүй байхыг хичээгээрэй” гэж захидаг юм. Хавар болж төлийн дуу цангинахаар нутгаа их санадаг. Багаасаа малтай ойр өссөн болохоор хөдөөгийн тайван амьдрал, нам гүм орчныг их үгүйлнэ. Улаанбаатарт суурьшсанаас хойш хавар гэртээ очилгүй уджээ. Энэ сард зав гаргаад нутгаа зорих бодол бий. Тэмцээн бүрт аавынхаа нэрийг дуудуулах сайхан санагддаг. Эх орон, аавын минь нэр гарах тул сайн уралдах ёстой гэж хичээж ирлээ.
-Таныг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн гэж сонслоо. Цаашид энэ мэргэжлээрээ ажиллах уу?
-Би одоогоор тамирчин тул амжилтдаа анхаарал хандуулж байгаа. Багшийн ажил амаргүйг бэлтгэл хийх бүртээ мэдэрдэг болохоор дасгалжуулагчаар ажиллах бодол хараахан төрөхгүй л байна. Хэрэв зодог тайлж, хэдэн жил завсарласны дараа спортоо үгүйлсэн тэр үед тамирчид бэлтгэж магадгүй л юм.