Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн өсвөрийн шилдэг рапид (хурдан) шатарчнаар шалгарсан байна. Тэрбээр Румын Улсын Мамаиа хотод өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулсан өсвөрийн шатарчдын ДАШТ-д оюун ухаанаа сорьж, 15-16 насны охидын ангилалд 11 өрөг тоглон 8.5 оноо авснаар хошой аварга болсон юм. Үүнээс өмнө тэрбээр Өмнөд Африкийн Дурбан хотод 2014 онд болсон өсвөр үеийнхний ДАШТ-д найм хүртэлх насныхны ангилалд тэргүүн байрт шалгаран, дэлхийн аваргын цом гардаж байв. Тэрбээр Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн ууган охин бөгөөд шатраар хичээллэдэг Д.Хонгорзул, Д.Өнө зул хэмээх дүүтэй. Эгч дүүс олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцдог өсвөрийн шилдэг тамирчид юм. Шатрын спорттой холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, хоёр жилд нэг удаа болдог Азийн 3.3 бүсийн АШТ ийг энэ жил Индонез улсад зохион байгуулна. Тэгвэл тус бүсийн хорооны тэргүүн, Индонез улсын шатрын холбооны ерөнхийлөгч Адианто Утутын зөвшөөрлөөр Монголын шатрын холбоо “Дэлхийн цом”д оролцох эрх олгодог уг тэмцээнийг эх орондоо 2025 онд зохион байгуулахаар болсон байна.