Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр фунтийг 4000 төгрөгөөр худалдан авч, 4070-аар зарж байв. Тус захад уг валютыг зарах ханш өнгөрсөн даваа гарагт 4000 төгрөг давсан бол өдгөө авах нь ч ийнхүү эл дүнд хүрлээ. Уг мөнгөн тэмдэгтийг нэг сарын өмнө ченжүүд 3750 төгрөгөөр худалдан аваад, 3870-аар худалдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, эл хугацаанд фунтийг авах ханш нь 250 төгрөг (6.7 хувь), борлуулах нь 200-гаар (5.2) чангарсан гэсэн үг. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр фунт стерлинг 4064.52 төгрөгтэй тэнцэж байлаа. Эл дүн сарын өмнө 3826.04 төгрөг байсантай харьцуулахад өдгөө 6.23 хувиар дээшлээд буй нь энэ.
Ташрамд дурдахад, голлох бусад валюттай харьцах төгрөгийн ханш тогтвортой байна. Тодруулбал, төгрөгийн эсрэг иен, юань, вон, рублийн ханш өнгөрсөн ням гаргийнхаас төдийлөн өөрчлөгдсөнгүй. Ченжүүд өчигдөр ам.долларыг 3435 төгрөгөөр худалдан аваад, 3445-аар зарж байсан нь өнгөрсөн ням гаргийнхтай харьцуулбал таван төгрөгөөр өссөн үзүүлэлт болов. Харин еврог 3565-аар аваад, 3580 төгрөгөөр худалдаж байлаа. Энэ нь уг валютыг авах ханш ням гаргийнхаас 15, борлуулах нь таван төгрөгөөр чангарсан гэсэн үг.
Бэлтгэсэн Б.Сонор