Сургалтын чанар, судалгаа хөгжүүлэлтээрээ дэлхийн шилдэг их сургуульд тооцогддог АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэн (MIT) академик боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийнхөө босго үзүүлэлтийг шинэчилсэн талаараа мэдээлэв. Тус сургууль гэр бүлийнх нь жилийн дундаж орлого 140 мянган ам.доллароос бага америк оюутнуудыг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлж, 75 мянган ам.доллароос доош тохиолдолд байр, хоолны төлбөр, номын хураамж зэрэг бусад зардлыг нь хөнгөлдөг байж. Тэгвэл энэ оны намар буюу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлээд шинэчилсэн босгоор хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, сургалтын төлбөрөөс чөлөөлөх орлогын хязгаарыг 200, амьдрах байр, хувийн зардлыг нь “даах” хэмжээг 100 мянган ам.доллар болгож шинэчилсэн байна. Тус сургуулиас мэдээлснээр Америкийн нийт өрхийн 80 орчим хувь нь 200 мянган ам.доллароос дээш орлоготой гэнэ. Хямд, хүртээмжтэй, чанартай боловсролыг эрх тэгш эзэмшүүлэх зорилтын хүрээнд MIT өнгөрөгч онд оюутнуудад 163.7 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн нь 10 жилийн өмнөхөөс 70 хувиар өссөн дүн аж.
Н.Ган