Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй “Их түмэн хүрд” компанийн Дорноговийн Мандах сум дахь ХV-021462, “Хөвших баян хайрхан”-ы Архангай аймгийн Өгийнуур, Хашаат дахь ХV-021641 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ цуцалжээ. Мөн дээрх хуулийн 7.1, 7.2-т заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болсон тул “Зүбгол” компанийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь МV-015025 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан аж. Ташрамд дурдахад, Монгол улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг үнэлэх, тус салбарт хөрөнгө оруулахад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал гаргахад шаардлагатай мэдээлэл цуглуулах зорилгоор холбогдох байгууллагуудаас судалгаа авч буйгаа АМГТГ-аас мэдэгдэв.