АНУ бодлогын хүүгээ нэмэх “хурд”-аа багасгана гэсэн хүлээлт үүссэн нь тавааруудын үнэд эергээр нөлөөллөө. Тус улсын инфляц өнгөрсөн аравдугаар сард буурсан үзүүлэлт гарсан юм. Мөн урд хөрш цар тахлын тархалтын эсрэг хэрэгжүүлж буй зарим журмаа сулруулсан аж. Улмаар эдийн засаг нь идэвхжин, түүхий эдүүдийн эрэлт нэмэгдэх талтай хэмээн шинжээчид таамагласан тухай “Reuters” дамжуулав. Ийм мэдээлэл цацагдсаны дараа баасан гарагт тонн зэсийн үнэ гурав орчим хувиар өсөж 8440 ам.доллартой тэнцлээ. Уг таваарын ханш энэ сар гарснаас хойш 14 хувиар дээшлээд буй юм. Гэхдээ өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулбал 20 гаруй хувиар хямдраад байгаа гэнэ. Тэгвэл шаргал металлын нийлүүлэлт буурах магадлалтайгаас шалтгаалж тоннынх нь ханш энэ оны эцэст 9000 “ногоон”-д хүрэхийг үгүйсгэхгүй хэмээн зарим шинжээч таамагласан байна. Ташрамд дурдахад, хөнгөн цагааны ханш баасан гарагт 2009 оноос хойш байгаагүй өндөр буюу зургаан хувиар (нэг өдрийн дотор) дээшилсэн бөгөөд тонн нь 2467 “ногоон”- той дүйв. Мөн цайрын ханш 4.9 хувиар өссөнөөр тонн нь 3000 ам.доллар давлаа.
Манай улс энэ он гарснаас хойш өнгөрсөн аравдугаар сарын эцэст 1.18 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт болсныг салбарын яамнаас мэдээлсэн. Ингэснээр уг бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэл 98 хувьд хүрсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор