Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг Серби улсын Белград хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг сурвалжилсан юм. Тэрбээр “Баярлаж бахархсан Белград-2022” номоо хэвлүүлж, өчигдөр олны хүртээл болгов. Түүний бүтээлд дээрх хотод болсон ДАШТ-д Монголын тамирчид сонгогдохоос эхлээд дэвжээнд өрнүүлсэн барилдааны торгон мөч, медаль гардах агшин, сэтгэл хөдлөл, сонирхолтой мэдээлэл, гэрэл зургуудыг багтжээ. Д.Нямбилэг өнгөрсөн жил Норвег улсын Осло хотод болсон ДАШТ-ээс ганзага дүүрэн “олзтой” ирснийхээ дараахан “Огшиж омогшсон Осло” анхны бүтээлээ олон нийтэд өргөн барьж, бөхийн спортын ертөнцөөр аялуулсан юм. Спорт сонирхогчдын номын санд заларсан уг номын үргэлжлэл болох эл бүтээлийг түүнтэй хамт Белградыг зорьж, тэмцээн сурвалжилсан zindaa.mn сайтын спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ редакторласан байна. Дээрх номын нээлтийн үеэр Д.Нямбилэгийг Монголын чөлөөт бөхийн холбооны шагнал “Ялалт” одонгоор шагнав.