Жижиг, дунд үйлдвэрийн газар өнгөрсөн хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран “Түншлэлийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд уул уурхайн бус экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгох үнэлгээний хорооны хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг хурлын үеэр бэлэн хувцас, ноос, ноолууран болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэдээллийн технологи болон жимс, жимсгэнэ боловсруулах салбар, чиглэлийн 20 аж ахуйн нэгжийн төсөлтэй танилцжээ. Ирэх оныг дуустал хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд одоогоор 23 аж ахуйн нэгжид 5.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад буй аж. Эл төсөл нь экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Үүнд хамрагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаад зах зээлд нэвтрэн, экспортоо нэмэгдүүлэх төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгох ач холбогдолтой гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор