Бахрейны Манама хотод хүндийг өргөлтийн Ази тивийн АШТ боллоо. Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй туйванчид Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад хүч сорьсон бөгөөд Э.Энхтамир мөнгө, Г.Ануужин хошой хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Медалийн буухиаг эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Дархижав үргэлжлүүлэв. Тэрбээр огцом өргөлтөөр 98 кг (-94, 95, 98) өргөн, мөнгөн медаль хүртлээ. Мөн түлхэлттэйд 115 кг (108, 115, -119)-ыг өргөж, нийлбэр дүнгээр шагналт IV байрт шалгарав. Тэгвэл -87 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Ийнхүү тивийн хошой аварга болсон тэрбээр энэ удаа огцом өргөлтийн төрөлд 114, түлхэлттэйд 135, нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөж, алтан медаль зүүсэн юм. Тэрбээр зургаан жилийн өмнөх Азийн АШТ-д анх удаа түрүүлж байв. Ингэснээр манай туйванчид Манамагийн дэвжээг амжилтаар эзэгнэж, дөрвөн тамирчин бүгд өндөр амжилт үзүүлэн, иж бүрэн медальтай эх орондоо ирэх нь. Тэд ирэх арванхоёрдугаар сард Колумби улсад болох ДАШТ-д өрсөлдөх юм.