Найруулагч Д.Баттөмөр “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санаатай бөгөөд дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан “Трио” кино бүтээсэн. Эл уран бүтээл нь ирэх аравдугаар сард 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд өрсөлдөнө. Мөн АНУ-д болдог Палм-Спрингсийн олон улсын дауны кино наадамд уригдан оролцохоор сонгогдоод буй юм. Түүнчлэн Зүүн өмнөд Азийн бүс нутагт нэр хүнд бүхий Тайландын олон улсын наадмын ирэх сарын 15-19-нд болох уралдаант хэсгийн шалгаруулалтад өрсөлдөх шилдэг 30 кинонд багтсан билээ. Тэгвэл тус бүтээл олон улсын дөрөв дэх наадамдаа өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, олон улсын А зэрэглэлийн 15 кино наадмын нэг болох Эстонийн Таллины алдарт “Хар шөнө”-д өрсөлдөхөөр албан ёсоор сонгогджээ. 26 дахь удаагийн эл наадам ирэх арваннэгдүгээр сарын 11-27-нд болох аж. Эл наадмын үеэр жил бүр 70 гаруй орны мянга гаруй киноны салбарынхан, сэтгүүлчид нэг дор цугладаг байна.