Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнд тооцогддог, эдийн засагт ихээхэн нөлөөтэй алт, зэсийн үнэ өнгөрсөн гуравдугаар сарын эхээр өндөр байв. Тодруулбал, дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 10 730, унци алтных 2070 ам.долларт хүрсэн. Тухайн үед АНУ болон бусад орны Төвбанк инфляцыг “хазаарлах”-ын тулд бодлогын хүүгээ өсгөсөн юм. Энэ нь хөрөнгө оруулагчид алтыг сонирхохоо багасгахад хүргэсэн талтай. Дээрхээс өмнө хамгийн сүүлд алтны ханш 2020 оны наймдугаар сард 2000 “ногоон”-д хүрч байв. Тэгвэл өдгөө унци алтны үнэ 1751, тонн зэсийнх 8188 ам.доллар болж хямдраад буй. Өөрөөр хэлбэл, бараг хагас жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 319 болон 2542 ам.доллароор доошлоод байгаа нь энэ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс зэсийн баяжмалын экспортоос 1.79 тэрбум, алтныхаас 514 сая ам.долларын орлого олсон нь нүүрснийх 3.09 тэрбум байсны араас бичигдэх дүн юм. Зохиолч Мэтю Харт нэгэн номоо “Алт: дэлхийн хамгийн сэтгэл татам металлын төлөөх тэмцэл” хэмээн нэрлэсэн нь бий. Геополитик, эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг, санхүүгийн найдвартай хэрэгсэлд тооцогддог алт, эдийн засгийн “барометр” гэгддэг зэсийн үнэ цаашид хэрхэх бол?
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ҮНЭТ МЕТАЛЛЫНХАД НӨЛӨӨЛСӨӨР
Алтны үнэд цаашид АНУ-ын бодлогын хүү, түүнийг дахин өсгөх, эсэх шийдвэр, мөн ам.долларын ханш нөлөөлөхөөр буйг “Reu¬ters” мэдээллээ. Америк мөнгөн тэмдэгт болон үнэт металлын ханш урвуу хамааралтай байдаг билээ. Ам.долларын индекс энэ сарын 24-нд 109.01 болсон нь өнгөрсөн нэгдүгээр сарын эхнээс хойших өндөр дүнд тооцогдсон. Дээрх агентлаг 35 шинжээчийг хамруулсан судалгаандаа үндэслэн унци алтны ханш 2022 оны гуравдугаар улиралд дунджаар 1770, сүүлийн улиралд 1750, ирэх жил 1745 “ногоон” байх төлөвтэй хэмээн мэдээлэв. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард дээрх тоог гуравдугаар улиралд 1875, дараа жил 1762.5 ам.доллар байна хэмээн төсөөлж байснаас доогуур дүн юм. Эл судалгааны төсөөлөл энэ улирлын ханштай тун ойролцоо буйг дурдъя. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл саяхан инфляцыг зорилтот түвшинд хүрч бууртал бодлогын хүүг өсгөхөд бэлэн гэж мэдэгдсэн. Энэ нь алтны үнэд сөргөөр нөлөөлөх талтай хэмээн шинжээчид үзэж буй аж. “Julius baer” компанийн шинжээч Карстен Менке “Ам.долларын “давамгайлал”, АНУ-ын бондын өгөөж алтны зах зээлд нөлөөлж байна. Алтны ханш цаашид хямдарч болзошгүй ч одоогийн түвшиндээ тогтворжихыг мөн үгүйсгэхгүй” хэмээн тэмдэглэжээ.
Амстердамд төвтэй “ABN AMRO” банкныхан алтны үнийн төлөвөө бууруулснаа мэдэгдэв. Тэдний төсөөлснөөр энэ оны үлдсэн хугацаанд унци алтны ханш 1700 орчим ам.доллар байх гэнэ. Харин ирэх жилийн хоёрдугаар хагасаас Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж эхэлж магадгүй нь уг таваарын үнэд эергээр нөлөөлнө хэмээн таамаглажээ. Гэхдээ энэ жилийнх шиг 2000 ам.доллар давахгүй, мөн 2023 оны эцэст дунджаар 1900 орчим “ногоон” байна хэмээн тооцсон аж. “Citibank”-ныхан энэ улиралд унци алтны үнийг дунджаар 1845 “ногоон” байна хэмээн төсөөлснөө өнгөрсөн сарын эхээр мэдээлж байв. Гэвч өдгөө үүнээс доогуур байгаа юм. Тус банкныхан 2023 оны эхний улиралд унци алт дунджаар 1750 ам.доллароор үнэлэгдэнэ гэж тооцсоноо мэдэгдэж байв. Харин 2024 онд эл үзүүлэлт 2000-д хүрнэ гэж төсөөлсөн аж. Тэгэхээр лав л ойрын хугацаанд алт хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тэгтэл татахгүй байж мэдэх нь.
“ЗЭСИЙН ҮНЭ ХЯМДАРЧ МАГАДГҮЙ”
Хамгийн их ашиглагддаг металлын гуравдугаарт бичигддэг зэсийн эрэлт цаашид өсөх, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай холбоотойгоор ханш нь дээшилнэ гэсэн хүлээлт бийг “Investing news network” мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сараас хойш 30 орчим хувиар доошилсон энэхүү суурь металлын ханш хэзээ “өндийх” бол хэмээх асуултыг зах зээлд оролцогчид тавьж буй. Гэхдээ улс орнуудын эдийн засаг сэргээгүй байгаагаас шалтгаалж уг таваарын үнэ ойрын хугацаанд төдийлөн өсөхгүй байх магадлалтайг зарим эдийн засагч дурджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийнх шиг алтан боломж зэсийн жуниор компаниудад ойрын хугацаанд тохиохгүй бололтой. “Bank of America” тонн зэсийн үнэ 2023 онд дунджаар 7250 ам.доллар байна гэж таамагласан нь одоогийнхоос ч доогуур дүн. Дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч Перу улсын Эдийн засгийн сайд “Зэсийн үнэ 2023 онд хямдарна гэж бид таамагласан” хэмээн өгүүлснийг “Reuters” уламжилсан юм.
Экспортын дүнг төлөвлөсөн хэмжээнд хүргэхээр зорихоос гадна дэлхийн зах зээлд дээрх хоёр таваарын ханш хэрхэх нь манайд нөлөөтэй. Гэвч эдгээрийн үнэ дээр дурдсанчлан ийнхүү буурав. Нөгөөтээгүүр, алт тушаалтын хэмжээ багассантай холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс судалгаа авч буйгаа Ашигт малтмал, газрын тосны газраас саяхан мэдээлсэн. Энэ он гарснаас хойш Төвбанк 11.4 тонн алт худалдан авчээ. Тэгвэл 948 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх жилийн энэ үеийнхээс есөн хувиар илүү гэнэ. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт өдгөө дунджаар 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Зэсийн баяжмалын тухайд 78, алтны хувьд 57 хувьтай буй нь хэдий чамлахаар дүн биш ч хүсэхэд хясна гэгчээр үнэ нь уруудаад байна.
Бэлтгэсэн Б.Сонор