Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн хүнд цочролын сөрөг нөлөөг зөөлрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл баталснаа мэдэгдлээ. ОХУ, Украины нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэйгээр БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь эдийн засагт хүндрэл учруулж байгаа тул үүнийг шийдвэрлэх хүрээнд Монголын Засгийн газар хүн амын ядуу, эмзэг бүлгийг дэмжих, инфляцын дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Мөчлөг сөрсөн хөгжлийн зарцуулалтын хөтөлбөр боловсруулсан хэмээн мэдээлэлдээ дурджээ.
Манай улсын урсгал тэнцлийн алдагдал өсөж, валютын нөөц багасан, гадаад санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байгааг мөн тэмдэглэв. Түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурлыг нэмэгдүүлж байгаа гэв. Улаанбаатарын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг бөгөөд өндөр инфляц, өсөн нэмэгдэж буй амьжиргааны зардал нь ядуу, бага орлоготой өрхүүдэд ихээхэн хүнд тусаж байгааг дурдлаа. Тэдгээр өрх нийт орлогынхоо 43, ядуурлын шугамаас дээш өрхүүд 32 хувийг нь хоол хүнсэндээ зарцуулдаг байна. Гадаад цочрол нь хүн амын ядуу, эмзэг бүлгүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, охидод илүү сөргөөр нөлөөлдөг аж. Цар тахлын үеэрх хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд голчлон ажилладаг. Иймд дээрх хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64 хувьд хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрэх гэнэ. Дээрх банкны Зүүн Азийн газрын төрийн удирдлага, санхүүгийн салбар, бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Эмма Фан “Азийн хөгжлийн банкны энэхүү санхүүжилт нь хүн амын ядуу, эмзэг бүлгийн иргэдэд гадаад цочролоос үүдэлтэй хүндрэлийг даван туулахад тусална. Мөчлөг сөрсөн хөгжлийн зарцуулалтын хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх яаралтай тусламж нь 2022 оныг дуустал Монгол Улсын эмзэг бүлгийн өрхүүдэд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг өргөжүүлэх юм” хэмээн онцолжээ. Уг хөтөлбөр нь 2022 оны үлдсэн хугацаанд бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын (тэдний дөрөвний гурав нь эмэгтэйчүүд) цалинг 8.5 хувиар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг мөн дэмжих аж. Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур иргэд амьдарч буй байршлууд дахь 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлэхэд дэмжлэг болох нь.
Бэлтгэсэн Б.Сонор