Хөл хөдөлгөөн ихтэй нийслэлийн завгүй иргэд сүүлийн жилүүдэд унадаг дугуй болон түүнтэй адил тээврийн хэрэгслийг сонгох нь их болсон. Унадаг дугуй түгжрэлийг бууруулах нэг гарц ч түүнийг тойрсон аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг шийдэж чадахгүй байсаар. Энэ оны эхний таван сарын байдлаар л гэхэд унадаг дугуйтай холбоотой 18 осол гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хооронд зөрчилдөөн үүсэх, бага насны хүүхдүүд дугуй унаж зам хөндлөн гарахдаа өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.
Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдод ямар бэрхшээл тулгардаг, Замын хөдөлгөөний дүрэм хэрхэн биелүүлдгийг дугуйчдаас сонирхлоо.
Иргэн Г.Энхбат “Би хотын төвөөс 19 дүгээр хороолол руу ажил гэрийнхээ хооронд үргэлж дугуйгаар явдаг. Түгжрэлтэй үед автомашинаар 40-өөс илүү минут явдаг бол дугуйгаар 20-хон минутад л зорьсон газраа оччихдог. Илүү цаг, бензин зарцуулахгүй, дээрээс нь зогсоол хайхгүй их амар. Дугуйн замаар явахад асуудал гардаггүй. Харин ийм замгүй газар явахад жаахан хүндрэлтэй. Жишээ нь, дугуйн зам байхгүй үед явган хүнийхээр зорчиход хөл ихтэй. Тийм учраас яах аргагүй автомашинтай зэрэгцэн замаар нь зорчдог. Тэр үед автобусны жолооч нар аашилж, дуут дохиогоо хангинуулаад байдаг нь төвөгтэй. Мөн нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслүүд хаалгаа шууд онгойлгоод мөргөчих гээд байдаг. Хамгаалалтын хувцас байгаа ч ихэнхдээ өмсдөггүй” гэв.
Харин Б.Даваасүрэн хэмээх хүү “Би сургууль руугаа явахдаа, найзуудтайгаа уулзахдаа гээд үргэлж дугуйгаа унадаг. Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу 10 нас хүртлээ аав, ээжийнхээ дэргэд унадаг байсан. Одоо 12 настай учраас ганцаараа явчихдаг. Дугуйн замгүй үед явган хүнийхээр зорчихоор иргэд “Дугуйн замаараа яваач” гээд уурладаг юм. Би хамгаалалтын хувцас уг нь өмсдөг л дөө. Даанч өнөөдөр цүнхэндээ үлдээчихэж” гэлээ. Дугуйн замаар зорчиж байх үед гарах зөрчил харьцангуй цөөн байдаг нь дугуйчдын ярианаас анзаарагдлаа. Унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явахыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан. Уг нь нийслэлийн 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр тавихаар зураг төслийг нь баталж, зарим нь баригдаж буй. Эдгээр замаар хэзээ чөлөөтэй зорчиж болохыг дугуйчид мэдэхгүй л явна.
Замын хэт их ачаалал, түгжрэлд саатахгүй унаа болох унадаг дугуйг дэлхий нийтээрээ ашиглаж байгаа. Гадаадын орнууд бидэнд үлгэр жишээ болохуйц ямар жишиг стандарт мөрдөж ашигладгийг судаллаа. Тухайлбал, Японд дугуйчдаа бүртгэлжүүлж, даатгалд хамруулах, хонх, гэрэл гэх мэт техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахаас эхлээд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй зорчуулахад ихээхэн анхаардаг байна. Мөн хөдөлгөөнд оролцохдоо урсгалын дагуу явах, согтуугаар унаж болохгүйг хуульчилсан бөгөөд эдгээрийг зөрчвөл торгох, цаашлаад хорих хүртэл арга хэмжээ авдаг аж.
Сингапур улсад замын нэг талаар унадаг дугуйгаар зорчиж байгаа бол өөр хэсэг рүү шилжихгүй, хурдны замаар явахгүй байх зэргийг заасны дээр олуулаа явж байх үед ямар дүрэм үйлчлэхийг тусгажээ. Мөн дугуйчин зогсох, хурдаа сааруулах, чиглэлээ солих үедээ гараараа тус бүрт нь заасан дохио үзүүлдэг аж. Харин Вьетнам улсын тухайд их сонирхолтой. Манай улсад автомашинтай иргэд зам дээр түгжирдгийн адил тэнд дугуй, мопед энэ төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчид бөглөрч, өглөө оройдоо ачаалал ихтэй байдаг юм билээ. Тийм ч учраас төр засгийнх нь зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй аж.
Манай улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд “Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага”-ыг тусгасан. Үүнд техникийн бүрэн байдал, жолоочийн нас, хувцас хэрэглэл, зорчих боломжтой зам, хурд, хөдөлгөөний зохицуулалт, хориглох зүйлс зэргийг заасан байдаг. Уг дүрмийн 25.6-д “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэж заасан байдаг ч биелүүлдэг хүн бараг үгүй. Унадаг дугуйгаар зорчигсод ямар зөрчил ихэвчлэн гаргадаг, түүнд нь хэрхэн хариуцлага тооцдог талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр унахаар Замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т заасан байдаг. Зуны амралт эхэлсэн үед хүүхэд багачууд гэрийнхээ ойр орчмоос гадна төв замаар ганцаараа унадаг дугуйтай явдаг зөрчил гарч байна. Бага насны хүүхэд хөдөлгөөнд оролцож байгаад эрсдэл үүсгэвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7.54 дэх заалтаар эцэг эх, асран хамгаалагчийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Мөн сүүлийн үед техник, технологийн хөгжлөө дагаад цахилгаан унадаг дугуй, скүүтер, ролик гээд шинэ хэрэгслүүд эрс нэмэгдэх болсон. Мопедын тухайд 0.25 кВт-аас дөрвөн кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй байдаг. Мопед гэсэн нэрээр мотоцикл унах зөрчил цөөнгүй байна. Энэ бүхэнд зохих арга хэмжээг нь авдаг” гэв.
Эхэнд дурдсанчлан, сүүлийн жилүүдэд иргэд энэ төрлийн тээврийн хэрэгслийг сонгох нь нэмэгдсэн төдийгүй цаашид ч өсөх хандлагатай байна. Дэлхийн эдийн засгийн форумын статистикаас үзэхэд, хоёр тэрбум гаруй дугуйг хүмүүс бид ашигладаг гэнэ. Энэ тоо 2050 онд таван тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэвч үүнийг дагасан нэмэлт зохицуулалт хэрэгтэйн дээр дугуйчид ч мөн дүрмээ мэдэж, хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлагатай байна.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал