Орчны бохирдол бууруулах, иргэдийн хандлагыг өөрчлөх, хог боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, нийгэмд нэлээд танигдсан төрийн бус байгууллагынхан өнгөрсөн жилээс эхлээд хаягдал шил цуглуулж эхэлжээ. Тэд автомашины салхивчныхаас бусад бүх төрлийн шилийг хэлбэр, хэмжээ, өнгө харгалзахгүй худалдан авч, дахин боловсруулан, дулаалгын материал хийхээр эхэндээ төлөвлөж байсан ч технологийн хувьд туршлага дутсан учир зорилгоо өөрчилсөн байна.
Улмаар хөөсөн шил үйлдвэрлэдэг компанид түүхий эд бэлтгэн нийлүүлэх болжээ. Тус байгууллагынхан Налайх дүүргийн Хонхор өртөө болон Дарь-Эх дэх “Төвшинсайхан” төвд дахивар авах цэг ажиллуулж, дүүргүүдэд явуулын станц ажиллуулан, 2200 тонн шил цуглуулсан аж. Тэд өнгөрсөн хугацаанд энэ төрлийн хаягдал тогтмол тушаадаг түншүүдтэй болж, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсэн тул жилдээ 8-10 сая тонн шил цуглуулах том зорилго тавьсан байж. Хаягдал шилийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал санаачилга гаргасан хэмээн төрийн байгууллагынхан тэднийг сайшааж, дэмжиж байлаа. Гэтэл нийслэл дэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд, хоёрдогч түүхий эдийн цэгүүдийг хариуцдаг холбооны тэргүүн залуучуудын энэхүү санаачилгыг эсэргүүцжээ.
Хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хамтран ажиллах, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан холбоо ямар учраас бодлогынхоо эсрэг ажиллах болов. Шалтгаан нь тун хачирхалтай. Тус холбооны удирдлага хөөсөн шилний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан учир “шавар хааж”, замд хөндөлслөө хэмээн дургүйцжээ. Өөрийнх нь ажил, бизнес, технологийн санааг хулгайлсан мэтээр хүмүүст ойлгуулж, мэдээлэл тараасан гэнэ. Залуус аргаа барж “Манай байгууллага хаягдал шил бэлтгэн нийлүүлдэг бөгөөд хөөсөн шилний технологи болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдоггүй” хэмээн учирласан мэдэгдэл гаргаж, олон нийтийн сүлжээгээр энэ тухайгаа түгээв.
Энэ үйл явдлыг хөндлөнгөөс ажигласан хаягдал боловсруулах өөр нэг үйлдвэрийн дарга “Монголчууд ажил, бизнесийн санаа хулгайлахдаа гаргууд. Нэг нь бизнес эхлүүлэхэд бусад нь дагаж дуурайдаг. Дахивар цуглуулах, хаягдал боловсруулах жижиг зах зээлд олон тоглогч хэрэггүй. Олуулаа “орвол” олох ашиг нь багасаж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнд ямар нэг зохицуулалт хэрэгтэй. Мэргэжлийн бус хүмүүст орон зай олгохын оронд бор зүрхээрээ зүтгэж байгаа, ажилтнуудаа цалинжуулдаг үйлдвэрүүдээ дэм жих хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ асуудалд анхаараасай” хэмээн сүржигнэж, мэдэмхийрчээ.
Үүнийг уншаад нэгэн хөгжилтэй түүх санаанд оров. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэнтэй уулзахад үүнтэй ижил зүйл ярьж байв. 2018 оны үед хэсэг залуу Монголд хөөсөн шил үйлдвэрлэх гарааны компани байгуулах болж, Шинжлэх ухаан технологийн сан, нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг холбогдох байгууллагад хамтран ажиллах санал тавьжээ. Эдгээр байгууллагаас нааштай хариу авсан, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй гар нийлэн ажиллахаар болсон залуус үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг цуглуулж эхлэхэд нийслэлд хоёр газраас гомдол иржээ. Нэг нь энэ төрлийн хаягдал боловсруулах туршилт хийж байсан компани. Нөгөөх нь хоёрдогч түүхий эдийн цэг байж. “Манай дахивар авдаг цэгүүдийн ойролцоо үйл ажиллагаа явуулж, түүхий эдээ хангахад саад учруулж байна” гэж зарга мэдүүлж, дээгүүр, доогуур баахан гүйжээ. Нөгөөх залуучууд жил гаруйн хугацаанд үйлдвэрлэл явуулсан ч санхүүгийн гачигдал, бас энд тэндээс ирэх дарамт шахалтыг хүлцэлгүй үйл ажиллагаагаа зогсоосон гэдэг. Өдгөө яг үүнтэй адил үйл явдал давтагдаж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Улаанбаатар хотод хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим үйлдвэр бий. Эдгээрийн тэн хагас нь алдаг оног, улирлын чанартай ажилладаг. Нийт хог хаягдлын 15-20 хувийг энэ үйлдвэрүүд дахин боловсруулж, ашигладаг бөгөөд үлдсэн нь хогийн цэг, байгальд “очдог”. Үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал хог хаягдлын 60 хүртэлх хувийг “чулуу болгох” боломжтой гэсэн тооцоо бий ч тэд ийм хэмжээнд үр бүтээлтэй ажиллаж байгаагүй. Тиймээс нийслэлийн зүгээс дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүчин чадлыг нь сайжруулах, нэмж байгуулах чиглэлд анхаарч ирсэн. Эдгээрийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах “Эко парк” байгуулахаар төлөвлөж, яриад 10 гаруй жил болж байна. Энэ хооронд Улаанбаатар хотыг тойрсон хогийн цэгүүдийн даац 3-4 дахин хэтэрч, хөрсний бохирдол гаарав. Манай улс хаягдлыг баялаг болгож хувиргах тал дээр туршлагагүй, үр бүтээмжгүй ажилладаг нь эндээс тодорхой харагдана. Мөн тус салбарт ямар их сул орон зай байгааг харж болно. Гэвч энэ зайд хүссэн бүхэн нь “шургалах” боломжгүй аж. Үүргээ хангалттай хэмжээнд биелүүлж чаддаггүй, алдаг оног ажилладаг өнөөх үйлдвэрүүд нь шинэ бизнес эрхлэгчдийг дээрх байдлаар хавчин хяхаж, гадуурхсаар байна. Эцэстээ бүр холбоо нь оролцож эхлэв. Эл талбарт бидний төсөөлснөөс ч их өрсөлдөөн, тэмцэл бий бололтой.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн дийлэнх нь цаас, хуванцар, төмөр, лааз дахин боловсруулдаг. Харин нийт хог хаягдлын 60-70 орчим хувийг эзэлдэг үнс, шил, барилгын материал эзэнгүйд тооцогддог. Эдгээрийг боловсруулдаг үйлдвэр хуруу дарам цөөн. Хаягдал шил дахин боловсруулж, дулаалгын материал үйлдвэрлэдэг гуравхан газар байна. Тэд нийт хаягдлын ердөө 20 хүрэхгүй хувийг ашигладаг гэнэ. Архи, согтууруулах ундаа, чанамал, даршилсан ногоо үйлдвэрлэдэг дотоодын компаниуд гэхэд жилдээ 25-30 сая шил, лонх гадаадаас импортолдог ч үүнийгээ буцаан авч, ашигладаг нь мөн л өдрийн од шиг ховор. Цар тахал дэгдсэн сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчид (импорт саатсанаас) бүтээгдэхүүнийхээ шилийг дахин ашиглахад анхаарч эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ энэ нь нийт хаягдлын өчүүхэн хувийг эзэлнэ. Ерөнхийдөө манай улсад шил дахин боловсруулах, ийм түүхий эдээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх орон зай, зах зээл хангалттай байна. Харин энэ зах зээлийг эзэрхэж, бусдад боломж олгохыг хүсдэггүй жижиг “тоглогч” олон аж. Тэд байгальд, хогийн цэгт хаягдах байсан 2200 тонн шилийг үйлдвэрүүдэд нийлүүлснийх нь төлөө төрийн бус байгууллагын залуучуудыг ад шоо үзэж буй нь хачирхалтай, бас дэндүү увайгүй, хоолоо харамладаг нохой шиг юм.