Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд энэ сарын 10-ны байдлаар 177 707 хүн хамрагджээ. Нийт өвчлөлийн 70 гаруй хувьд нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг илэрсэн байна. Хоол боловсруулах тогтолцооны бүтцийг харахад шүд, амны хөндий, шүлсний булчирхай ба эрүүний өвчин 86, улаан хоолой, ходоод, дээд гэдэсний өвчин 7.5, цөсний хүүдий, цөсний зам ба нойр булчирхайн өвчин 2.9, элэгний өвчин 1.9 хувийг тус бүр эзэлж байна. Үүний зэрэгцээ хавдрын тохиолдол аль ч насны иргэдэд оношлогдож буй нь харанга дэлдсээр. Тодруулбал, 0-5 насны хүүхдийн үзлэгээс хорт хавдрын зургаа, 6-17 насныхнаас 31, 46-60 насны хүн амд найм, 61-ээс дээш насны иргэдэд 21 тохиолдол бүртгэгджээ. Иргэдийг насны хувьд зургаан бүлэг болгон ангилж, багц үзлэг хийж буй.
Ингэхдээ тухайн өрх, сумын эрүүл мэндийн анхан шатны байгууллагынхан үзлэгийн хуваарийг гаргаж, бэлтгэл, бэлэн байдлаа хангасан тохиолдолд илрүүлэг, шинжилгээг эхлүүлсэн юм. Тэдгээрийн ихэнх нь сургууль, цэцэрлэг амрахаас өмнө хүүхдүүдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулсан. Тиймээс үзлэгт хамрагдагсдын олонх нь хүүхэд байна. Мөн ахмадууд үзлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа зураглал одоогоор ажиглагдаж буй юм. Харин хөдөлмөрийн насны залуучууд одоогоор цөөн хамрагджээ.
Эл үзлэгт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн гурван жилд буюу 2019 оноос тасралтгүй төлсөн иргэд л хамрагдах боломжтой. Гэтэл 18-30 насныхан энэ шаардлагад ихэвчлэн бүдэрч буй бөгөөд даатгалаа нөхөн төлөөд эрт илрүүлэгт хамрагдах сонирхол бага байгаатай холбоотой. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалт сул, үзлэг, шинжилгээний аюулгүй байдал, чанарт эргэлзсэн залуу үеийнхэн эрт илрүүлэгт хамрагдахыг хичээхгүй байгаа аж.
Эл арга хэмжээг эхлүүлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч зарим өрх, сумын Эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагынхан назгай хандаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хороо гэхэд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг зуны амралт эхлэхээс өмнө үзлэгт бүрэн хамруулж амжсангүй. Эрт илрүүлэгт оролцох урилга хүлээсэн иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. Найдаж хүлээсээр намар, цаашлаад өвөлтэй золгохыг үгүйсгэхгүй. Үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн 600 гаруй байгууллага хамтран зохион байгуулж буй. Тэдгээрийн 23 нь хувийн хэвшлийнх. Хувийн эмнэлэгтэй гэрээгээр хамтран ажиллаж буй газрууд зохион байгуулалт илүү сайтай байгааг цөөнгүй иргэн ярьсан. Гэтэл хүн ам ихтэй дүүргийн иргэдийн тухайд эрт илрүүлгийн талаарх мэдээлэл хомс байна. Хэдийгээр энэхүү үзлэгийг нэг жилийн хугацаанд зохион байгуулах ч гэлээ ажлыг эрчимжүүлэх, үзлэг, шинжилгээ хийх мэргэжилтнийг гаршуулах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн халдвар, ариутгалыг сайтар хангах, хянах шаардлага тулгарсаар байгаа юм. Ялангуяа, улаан хоолой, ходоодны дурангийн үзлэгт ариутгал халдваргүйтгэл нэн чухал. Гэтэл зарим орон нутагт дурангийн багаж дутагдалтай, мэргэжилтэн байхгүй тохиолдол гарчээ. Эрт илрүүлгийн арга хэмжээг эхлүүлнэ гэж бараг жилийн өмнөөс зарласан. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбарынхан бэлтгэл, бэлэн байдлаа хангаж амжилгүй их ажил руу ханцуй шамлаад орчихсон. Хайнгадуухан эхлүүлсний горыг иргэд бүү амсаасай, үзлэг шинжилгээ чанартай болоосой, илрүүлсний дараах тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлээсэй гэж найдахаас өөр сонголт иргэдэд үлдсэнгүй.
Эрт илрүүлэгт зургаан настайгаас жаран настнуудыг хүртэл хамруулж байгаа нь хэт хавтгайруулсан, үр дүн муутай, ээлжит нэг хөтөлбөр төдий болоод л үлдэнэ гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “С.Энхболд сайд эрт илрүүлэх үзлэгийг онцгой анхаараасай. Эрт илрүүлгийг илж биш, илрүүлж хийх ёстой. Бүх насны хүмүүсийг хамруулж, 60 тэрбум төгрөгийг үрж байснаас зүрх, судас, хорт хавдраар өвчилсөн хүмүүстээ илүү анхаарах шаарлагатай байлаа. Жилд хорт хавдраар дунджаар 4000, зүрх, судасны өвчнөөр 5000 хүн нас бардаг. Тиймээс нас баралтын шалтгаан болсон өвчлөлийг илрүүлэхэд анхаарвал илүү амжилт гаргах боломж байна. Зарцуулж буй төгрөг бүхэн хүний насыг уртасгах зорилготой байх ёстой” хэмээсэн. Олон хүнийг үзлэгт хамруулсан гэх тооноос илүү бодит үр дүнг хэн хүнгүй хүсэж буй. Тэгвэл үзлэгт хамрагдсан иргэдийн тухайд өвчлөлийн байдал ямар байгааг ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Манай улс өмнө нь үүнтэй адил эрт илрүүлгийн кампанит ажил өрнүүлж байсан. Урьдчилан сэргийлэх үзлэгээр хүмүүст онош тавихгүй. Хамрагдсан иргэдийг эрсдэлтэй, эрсдэлгүй хоёр бүлэгт хувааж байгаа. Тухайлбал, ходоод нь улайлттай иргэнийг урьдчилсан байдлаар хавдартай байж болзошгүй гэж үзлээ гэхэд эрсдэлтэй бүлэгт хамруулан дахин нарийвчилсан шинжилгээ авч, эмчлэх юм. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн мэдээллийг цахим бүртгэлээс хянаж, эрсдэлтэй хүмүүсээ татан авна. Нэг хүнд хэдэн ч эрсдэл үүсэж болно. Тийм хүмүүсийг дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулна. Энэ сарын 10-ны байдлаар үзлэгт хамрагдсан нийт хүн амын дунд хоол боловсруулах тогтолцоо, хорт хавдар, үүн дотор элэг, ходоодны салстын хавдар, зүрх судасны болон даралт ихсэх өвчин зонхилон илэрсэн. Хүүхдүүдийн өвчлөлийн шалтгааны ихэнх хувийг гүйлсэн булчирхайн үрэвсэл эзэлж байна. Иргэдийн дунд элэгний хавдар өндөр байгаа бол 5-10 жилийн дараа буюу ирээдүйд ходоодны хавдрын тоо нэмэгдэх хандлагатай байна. Үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэдээс урьдчилсан байдлаар ходоодны салстын хавдрын дөрвөн тохиолдол илэрлээ. Нэг иргэнийг ходоодны салст хуулуулах мэс ажиллбарт оруулсан. Энэ мэтээр өвчнийг эрт хугацаанд оношилсноор даруй арга хэмжээ авах боломжтой” гэв.
Эрт илрүүлэх арга хэмжээнд ажиллаж буй эрүүл мэндийн 600 гаруй байгууллагын олонх нь 0-17 насны хүүхдүүдийн үзлэгийг эхэлж өрнүүлсэн нь зохион байгуулалт сул, бэлэн байдлаа сайн хангаагүйн илрэл юм. Учир нь энэ насныхны үзлэгийг өрх, сумын Эрүүл мэндийн төвийнхөн гардан гүйцэтгэж буй бөгөөд багаж төхөөрөмж шаардлагагүй, зөвлөгөө төдий л ажил болж байна. Нарийн мэргэжлийн эмч, тусгай тоног төхөөрөмж шаардлагатай үзлэг нь 31 насныхнаас эхэлж буй. Тодруулбал, 31-45 насныхныг 13 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулах юм. Үзлэгт хамгийн олноор хамрагдсан насныхнаас л өвчлөл их илрэх нь ойлгомжтой. Энэ хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн тухайд 6-17 болон 61-ээс дээш насныханд өвчлөл хамгийн их бүртгэгдсэн нь үүнийг нотолно. Цаашид 31-45, 46-60, 61-ээс дээш насныхны үзлэг, шинжилгээнд хамрагдах нь нэмэгдэх тул хүн амын өвчлөлийн гол дүр зураг үүнээс тодорхой болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм. Энэ тухайд Э.Оюунсүрэн “Эрт илрүүлгийн арга хэмжээ нь зөв хэвшил, дадлыг төлөвшүүлэх гол зорилготой. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагддаг дадалтай болох хэрэгтэй. Энэ удаа эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн чадамж бололцоонд тулгуурлан үзлэг, шинжилгээг аль наснаас эхлэхээ сонгосон. Хагас болон бүтэн жилийн статистик тоогоор илүү бодит үр дүн харагдана. Иргэдийн олонх нь хавдрын гурав, дөрөвдүгээр үедээ оношлогдож байна. Харин эрт илрүүлгийн арга хэмжээг зохион байгуулснаар хүмүүсийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах зан үйлийг төлөвшүүлэх, ямар нэгэн зовуурьгүй ч эсийн түвшинд өөрчлөлт бий, эсэхийг илрүүлэхийг зорьсон. Мөн коронавирусийн дараах хүндрэл хүн амын дунд ямар байгааг илрүүлэх давхар зорилготой” хэмээсэн юм. Мөн тэрбээр үзлэгт хамрагдсан иргэдийн 60 хувь нь хүүхэд байгааг онцлоод тухайн эрүүл мэндийн байгууллагынхан зохион байгуулалт сайтай бол чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтойг дуулгасан юм. Орон нутгийн эмч, ажилтнуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх багийг ЭМЯ-нд ажиллуулж буй бөгөөд долоо хоног бүр цахим уулзалт зохион байгуулдаг гэнэ. Эл арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад ачаалал нэмсэн, нэг их тоо цуглуулахаас цаашгүй ажил хэмээн шүүмжлэх нь байхад эрт илрүүлэгтээ хамрагдаж, эрүүл, эсэхээ мэдээд санаа амарсан нэгэн ч байна. “Манайх ам бүл тавуулаа. Одоогийн байдлаар цэцэрлэгийн охиноос минь өөр эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн алга. Сургуулийн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар үзлэгт хамруулна гэсэн боловч амжсангүй. Хичээл амарчихлаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд түрүүлээд үзлэг, шинжилгээндээ хамрагдсан гэж дуулсан. Зарим нь танил талаараа хүмүүсийг үзлэгт хамруулаад байх шиг. Бид хүлээгээд л сууна. Эртхэн хамрагдахыг хүсэж байна” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн А.Үйлст ярив. Эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлэхийг иргэд хүсэж байна. Эрт илрүүлгийн өвчлөлийн эхний зураглалаас харахад хоол боловсруулах тогтолцооны болон хорт хавдар ихэнх хувийг эзэлж буй. Хожим хөнөөл учруулах эл өвчлөлийг газар авхуулахгүй байхад эрүүл мэндийн салбарынхан болон хувь хүн анхаарах шаардлагатай болж байна. Хэт нуршсан тоо бус, баталгаатай онош, тэгш хүртээмжтэй үйлчилгээ, эмчилгээг хүн бүр хүсэж буйг хэлэхэд илүүдэхгүй.