Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, боломж, орчныг бүрдүүлэх нь хүнлэг нийгмийн илрэл билээ. Манай улсад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд үйл хөдлөлийн олон улсын ангилал ICF-ийг нэвтрүүлэхээр ажиллаж буй юм. ДЭМБ-аас хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ ICD болон ICF ангиллыг хослуулан ашиглахыг зөвлөжээ. Тодруулбал, хөдөлмөрийн чадвар алдалтын ICD үнэлгээ нь өвчний оношоор үнэлдэг бол ICF нь өвчтөний үйл ажиллагааны алдагдлаар ангилдаг. Үйл хөдлөлийн олон улсын ICF ангиллын талаар төслийн зөвлөх Ц.Алтаннавчтай ярилцлаа.
-Та эхлээд үйл хөдлөлийн олон улсын ICF ангиллын талаар танилцуулахгүй юу?
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил олголт, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх зорилготой. Үүний хүрээнд олон улсын ICF ангиллыг Монголын хөрсөнд буулгахаар зорьж байна. ICF гэдэг нь Interna¬tional Classification of Functioning, Disability and Health гэсэн үгийн товчлол бөгөөд махчилж орчуулбал үйл хөдлөл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал гэж ойлгож болно. Яг энэ нэр томьёогоороо 2016 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгагдсан. Нэршлийн тухайд ICF-ийг олон янзаар орчуулж хэрэглэж байна. Сүүлийн үед холбогдох албаныхан үйл хөдлөлийн олон улсын ангилал гэж нэрлэх болсон. 2001 оны тавдугаар сард Швейцарын Женев хотод болсон ДЭМБ-ын 54 дүгээр нэгдсэн хуралдаанаар олон улсын гэмтэл, чадвар алдалт, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг сайжруулан, засаж, шинэчилсэн загварыг баталсан юм. Дэлхийн олон улсад энэ ангиллыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь аливаа хөгжлийн бэрхшээлийг зөвхөн өвчин гэдгээр нь бус, нийгмийн талаас нь авч үзэж, оролцоог нь сайжруулдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, манай улсад хөгжлийн бэрхшээлийг зөвхөн эрүүл мэнд талаас нь оношилдог. Тухайн хүний зөвхөн өвчинд нь тулгуурлаж дүгнэж байна гэсэн үг. Түүнээс тухайн иргэн нийгэмдээ ямар оролцоотой байх, хөдөлмөрлөх чадвар ямар хэмжээнд байгааг нарийн гаргадаггүй. Манай улс хэдийгээр үйл хөдлөлийн олон улсын ангиллыг сүүлийн 10-аад жил ярьж буй ч нийтэд хүртээмжтэй биш байна. Монгол Улс олон улсын өвчний код буюу ICD10 ангиллыг хэрэглэдэг. Үүгээр зөвхөн хүний биеийн өвчин, эмгэгийг л оношилдог.
-Өвчний оношоос гадна үйл хөдлөлийн олон улсын ангиллаар тухайн хүнийг үнэлэх нь ямар давуу талтай вэ?
-Үйл хөдлөлийн олон улсын ангилал гэдэг нь хөгжлийн бэрхшээлийг үндсэн таван бүрэлдэхүүнээр авч үздэг. Энэ ангиллаар хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, үйлдэл чадвар, оролцоо, орчны хүчин зүйл, хувь хүний хүчин зүйлийг үнэлэх юм. Махбодын үйлдлийн чадвар нь алдагдсан бол цаашид нийгэмд ямар оролцоотой байх, үүнийг бүрэлдүүлэхэд орчны хүчин зүйл яаж нөлөөлөх, нийгмээс ямар тусламж туслалцаа үзүүлэх, хувь хүний нас, хүйс, гэр бүлийн байдал зэргийг цогцоор авч үздэгээрээ өргөн ач холбогдолтой. Тухайлбал, доод мөчний гэмтэлтэй хүн байлаа гэхэд өвчний оношоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд улсаас тэтгэмж олгодог. Үүнийг ICF ангиллаар үнэлээд хөдөлмөрлөх чадварыг нь тодорхойлох юм. Мөн өрөөсөн гаргүй хүн байлаа гэхэд нөгөө гараараа хийх боломжтой ажлын нөхцөлийг бүрдүүлж өгнө. Энэ ангиллыг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй, нийгэмдээ оролцоогүй, тусгаарлагдсан иргэдэд маш хүнлэг нийгмийг бүрдүүлж чадна. Одоогоор манай улс хөгжлийн бэрхшээлийг оновчтой тодорхойлж, эрүүл мэндийн байдлыг нь үнэлж, нийгэм дэх оролцоог нь хангаж чадахгүй байгаа. Энэ нь эргээд бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн хүрээг тэлж буй юм. Хэдэн төгрөгийн тэтгэмж аваад ажил эрхлэхгүй байх нь хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй залууст тулгамдсан асуудал болжээ. ICF ангиллыг манай улсад нэвтрүүлж, хэрэгжүүлэхийн тулд төр, засгаас бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Хамгийн гол нь хэрэгжүүлэх үйл явц, төлөвлөгөө тодорхой биш учраас бид одоо хүртэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа юм.
-Хууль, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?
-ХНХЯ энэ асуудалд их анхаарч, цөөнгүй ажил зохион байгуулж байна. Энэ зөвхөн ганц яамны ажил биш, ЭМЯ, БШУЯ-ны оролцоо чухал. Төслийн явцад бид нөхцөл байдлын үнэлгээ хийж, энэ ангиллыг хэрэгжүүлэхэд өнгөрсөн 10 жилд ямар ажил өрнүүлснийг судалсан. Ингэхэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэргээн засах төвүүдэд эл ангиллыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Сэргээн засах төвийн эмч, ажилтнууд энэ чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллажээ. Гэхдээ энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд л хийсэн ажил юм. Эл ангиллыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх сургалтыг ихэвчлэн эмнэлгийн эмч, ажилтнуудад зааж сургаж иржээ. Одоо нэгдсэн бодлогын хүрээнд олон талын байгууллагууд хамтарч ажиллах, хүчээ нэгтгэх нь чухал. Өмнөх туршлагадаа үндэслэн хөдөлмөрлөх чадварыг зөвхөн эмнэлгийнхээс нийгмийн загварт оруулж, хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бий болсон.
-Энэ ангиллыг олон нийтэд хүртээмжтэй болгоход аль байгууллагын оролцоо чухал байна вэ?
-ХНХЯ, ЭМЯ, БШУЯ болон эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагууд гээд энэ чиглэлээр ажилладаг бүх л нэгж, хувь хүний оролцоо чухал. ЭМЯ-ныхан өвчний олон улсын ангилал болох ICD10-ыг ICD11 гэж өөрчлөх төлөвлөгөө гарган, ажиллаж буй талаар сонссон. Өөрөөр хэлбэл, ICD11-ийн хүрээнд ICF ангиллын 60-70 хувь нь багтаж байгаа гэнэ. Хэрэв энэ үйл ажиллагаагаа ЭМЯ идэвхжүүлж, орон даяар нэвтрүүлж чадвал энэ ангиллыг бүрэн хэмжээнд институтчилах том алхам болно.
-Үйл хөдлөлийн олон улсын ангиллыг хэн хийж, хэрхэн үнэлэх юм бол?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийн үнэлгээг Эмнэлэг, хөдөлмөр магадлалын комиссоор шийдвэрлэдэг. 21 аймаг, есөн дүүрэгт салбар комисс бий. Комиссын шийдвэрээр хүүхэд, насанд хүрэгчдийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг үнэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хувь заяа эдгээр комиссоос шалтгаалж байгаа юм. Цаашид үйл хөдлөлийн олон улсын ангиллын үнэлгээг хийх хүнийг мэргэшүүлэх сургалт, боловсон хүчнээ бэлтгэх ажил чухлаар тавигдаж байна. Комиссын нэг мэргэжилтэн дангаараа үнэлэх бус, бусад нь ч мөн адил тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай. Тодруулбал, гол үнэлгээг салбар комиссынхон хийх юм. Бид саяхан ХНХЯ-ны тусламжтайгаар үйл хөдлөлийн олон улсын ангиллыг хэрхэн нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талаар орон нутаг, дүүргийн мэргэжилтнүүдийг хамруулсан тав хоногийн сургалт хийсэн. Сургалтын үеэр эл ангиллын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр, үйлдвэрийн чадварыг үнэлж үзсэн. Энэ ангиллыг нэвтрүүлэхэд БНСУ-тай хамтарч ажиллаж байгаа. Тус улс ICF ангиллыг хэрэгжүүлээд 20-иод жил болж буй юм. Үнэлгээний загварыг туршилтын журмаар хийж үзсэн. Цаашид хэрэгжүүлж болох загвараа гаргасан. Эхний сургалтаараа загвараа гаргаж чадсан нь сайн эхлэл гэж дүгнэж байгаа.
-Эл ангиллыг хөрсөнд буулгахын тулд Монгол Улсын нөхцөл байдалд тохируулах шаардлага гарсан уу?
-Ангилал нь таван бүрэлдэхүүн хэсэгтэй. Тэдгээр нь олон улсад тохиромжтой, тогтсон ойлголт байдаг. Энэ ангиллын гол санаа нь нийгмийн амьдралд бусадтай адил тэгш оролцоход олон нийтийн зүгээс болон хувь хүний хүчин зүйлээс үүдсэн саад бэрхшээлийг ил болгож, хөгжлийн бэрхшээлийг тогтоогоод үүнийг нь арилгах арга замыг тогтоох нь чухал юм. Жишээ нь, сэтгэцийн эмгэгтэй хүн байлаа гэхэд хэдэн хувь нь алдагдсаныг тодорхой болгоно гэсэн үг. Сэтгэцийн 30-40 хувьд нь өөрчлөлт орсон бол үлдсэн хувиараа цаашид юу хийх боломжтойг тодорхойлж, нийгмийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх юм. Тэргэнцэртэй залуу байлаа гэхэд орчны саадыг арилгаснаар хөдөлмөр эрхлүүлэх бүрэн боломжтой. Үйл хөдлөлийн олон улсын ангилал нь иргэдийн нийгмийн оролцоог хангах гүүр болно гэсэн үг.
-Харааны бэрхшээлтэй нэг иргэн “Биднийг нийтэд нь хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлдог. Гэтэл би хөгжлийн бэрхшээлтэй биш, харааны л асуудалтай. Миний нүд харахгүй болохоос бусдын адил хүн” гэж ярьсныг санаж байна. Үйл хөдлөлийн олон улсын ангиллыг ашигласнаар бэрхшээлээс гадна давуу тал, боломжуудыг нээх юм байна гэж ойлголоо. Энэ зөв үү?
-Энэ маш чухал асуулт. Сүүлийн үед олон улсад хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёог ч хэрэглэхээс татгалзаж байна. Үйлдлийн алдагдал гэж нэрлэх нь бий. Ийм алдагдалтай хүмүүсийн нийгмийн оролцоог бүрдүүлэх нь чухал. Нийгмийн оролцоо нь зөвхөн ажлын байраар хязгаарлагдахгүй. Гадаад орнуудад ICF ангиллыг амжилттай хэрэгжүүлсэн туршлага их. Тухайлбал, хэдэн жилийн өмнө би ОХУ-ын Москва хотын томоохон дэлгүүрээр үйлчлүүлж байхад кассын ажилчид нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан. Манай улсад хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй залуус олон бий. Тэд мэдээлэл муутайн дээр ажилд орсон ч тухайн байгууллага ажиллах боломж, нөхцөлөөр сайн хангаж өгдөггүй талаар ярьсан. Гадаад улсад томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, хөдөлмөрлөх эрхийг нь эдлүүлдэг. Хүний хоёр хуруу нь л ажиллаж байхад түүнд нь тохирсон товчлуур дарах ажил хийлгэх жишээтэй. Ингэж нийгмийн оролцоог нь бүрдүүлдэг. Түүнчлэн БНСУ-ын “Самсунг” компани хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж буй байгууллагын орчин нөхцөлийг өөрсдийн хөрөнгөөр бүрдүүлж өгдөг юм байна. Манай улсад ч мөн ялгаагүй нийгмийн хариуцлагынхаа хүрээнд компаниуд ингэж ажиллах боломжтой. Өөрт тохирсон ажлын байртай болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэн орчиндоо дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Энэ бүхэнд судалгааны төв чухал үүрэгтэй. Тиймээс зөвлөх үйлчилгээний хүрээнд эл ангиллыг хэрэгжүүлэхэд дэмжих бие даасан төв ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нотолгоо судалгаанд үндэслэн дараагийн үйл ажиллагааг төлөвлөх нь чухал. Эрүүл мэндийн байгууллагынхан үйл хөдлөлийн олон улсын ангиллыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж буй нь сайшаалтай. Жишээ нь, 2020 онд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээл ба инновац” эрдэм шинжилгээний хурлын үеэр ХСҮТ-ийн эмч ажилтнууд хөхний хавдартай хүмүүсийн үйлдлийн чадварыг ICF ангиллаар үнэлсэн судалгааны бүтээлээ танилцуулсан юм. Хөхний хавдартай хүнийг зөвхөн өвчний бус, олон улсын үйлдлийн ангиллаар ангилснаар багагүй ялгаа гарсан байсан. ICF ангилал нь насанд хүрэгчдэд хөдөлмөрлөх чадвар, хүүхдүүдийн хувьд боловсрол эзэмших тухайд яригдана. Ирэх намраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үнэлгээний талаар сургалт явуулахаар төлөвлөсөн.