Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах их ажил үндсэндээ эхэлчихсэн. Сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөх юм байх. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно. Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож буй. Ерөнхийдөө эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилж, улмаар сонгуулийн тогтолцоогоо холимог болгон, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбарыг өнөөгийн мажоритар хэлбэртэй хослуулан, “Бүх зүйл жин тан” гээд сууж байхад яг жилийн хугацаа үлдсэн гэсэн үг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг түрүүлж батлах шаардлагатай тул үүнээс ч бага хугацаа үлджээ. Тиймээс УИХ-ын гишүүд найр, наадамтай зэрэгцэн тойрогтоо ажиллаж ирээд, намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулгандаа сууж, хэлэлцэх төлөвтэй байгаа юм билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах эрх нь УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын аль алинд нь байгаа ч энэ удаа УИХ-ын гишүүд илүү идэвх, оролцоотой ажиллах бололтой. 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг эхлээд УИХ-ын 62 гишүүн, дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга боловсруулж, өргөн барьсан түүхтэй.
Үүнийг хийхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал мөрдөх ёстой. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримтлах шаардлагатай бөгөөд тэдгээрийн нэг нь ард түмний оролцоог хангах явдал. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах ёстой. Хамгийн чухал нь уг төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог иргэдэд олгох шаардлагатай. Төслийг бүрэн эхээр нь болон өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэхээс энэ ажил эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэд, байгууллагын саналыг УИХ бүх сувгаараа хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх хуулийн шаардлага ч бий.
Үндсэн хуулиа өөрчилье, тогтолцоогоо сайжруулъя гэх санаачилга гаргасан, УИХ-ын гишүүн Т.Доржханд “100 мянган иргэн дэмжиж байна” хэмээн гарын үсгийг нь цуглуулж, УИХ-ын удирдлагад уламжлаад буй. Эдгээр гарын үсгийг хүлээлгэж өгсөн, бас авсан хүмүүс ихээхэн онцолж байгаа нь тэд хожим ард түмний оролцоог хангасан гэж хэлэх үндэслэлүүдийнх нь нэг болох биз. Мөн Т.Доржханд гишүүний санал, шаардлагыг хүлээн авмагц УИХ-ын зүгээс хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаач, хуульчид, улс төрийн намуудын удирдлага болон Үндсэн хууль батлалцсан депутатуудын саналыг сонссон. Улс төрийн зарим нам болон бусад байгууллагын зүгээс ч энд тэнд бичил хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Наадмын өмнө УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж, гишүүд тойрогтоо очоод ярих, иргэдээс саналыг нь сонсох гол сэдэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх нь тодорхой.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд баталж, алх цохисныхоо дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “анги”-ийнхан нь үүнд гурван жилээ зориулсныг онцолж байв. Төслийг нь өргөн барьснаас хойш УИХ тасралтгүй таван сарын турш хэлэлцэж, иргэдээс 306 мянган санал ирүүлснийг дурдсан. Эдгээрээс нэг саналыг ч орхигдуулахгүй нэгтгэн, архивлахдаа бүгдийг нь цаасан дээр буулган, цэгцлэхэд УИХ-ын Тамгын газрынхан хэдэн сарын турш өглөөнөөс үдэш болтол, хот, хөдөөгүй ажилласан гэдэг. Төрийн ордонд олон ч өдөр хэлэлцүүлэг болсон юм даг. Ингэхдээ тэдгээрийг багцлан, сэдэв бүрээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, эрдэмтэн, судлаачдаас 600 гаруй санал гарсныг тэмдэглэжээ. Мөн Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор анх удаа үндэсний хэмжээнд зөвлөлдөх санал асуулга явуулж байлаа. Үүнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс газар дээр нь очиж, санал асуулга аван, дараа нь тэдний 50-иас доошгүй хувийг нь оролцуулан Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Чухам энэ л зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан түүхтэй.
Ийм л нүсэр ажлын дараа 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг баталсан юм. Төслийг нь өргөн барьснаас хойш УИХ тасралтгүй таван сарын турш хэлэлцэж байснаар нь багцаалбал айсуй нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа олон нийтийн оролцоог хангасан хэлэлцүүлэг, мэтгэлцээн хэр зэрэг өрнүүлж чадах бол гэх эргэлзээ төрж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухайд Үндсэн хуулийн 5.4, 20, 30.1, 40.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар заавал явуулах ёстой. Тодруулбал, төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж буй УИХ, Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэх мэт засаглал хоорондын зааг, ялгааг тодотгосон зарчмын асуудлыг хөндөх бол заавал зөвлөлдөх санал асуулга явуулна гэсэн үг. Энэ удаа хийнэ гэж төлөвлөж, таамаглаж буй нэмэлт, өөрчлөлтүүдээс харвал дээрх заалтуудыг хөдөлгөхгүй болов уу. Тиймээс зөвлөлдөх санал асуулга явуулахгүй байх. Хэдийгээр эдгээрээс бусад заалтыг өөрчилж, нэмэлт оруулахаар санал асуулга явуулж болох ч энэ удаа амжихгүй биз.
Өнгөрсөн парламентын үед өнөөгийн эрх баригчид үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдөр ч тэд төрийн эрхийг дангаар шахам барьж байхдаа дахин гар хүрэх нь. МАН, эсвэл АН, өөр бусад нам байхаас үл хамааран үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй улс төрийн хүчинд энэ үйл хэргийг эхлүүлж, эцсийг нь харах боломж бий. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам, бүлэг, давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн, хамгаалсан байж болохгүй. Бүх нийтийн оролцоо, зөвшилцлийг боломжит дээд хэмжээнд нь хангах учиртай. Эс бөгөөс энэ нэмэлт, өөрчлөлт нь хүлээн зөвшөөрөгдөхгүй, үргэлжлэхгүй.
Нэгэнт цаг хугацаа давчуу, хийж, хангах хуулийн шаардлага олон тул эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нооргийг хэдийн гаргачихсан байхад гайхах зүйлгүй. Тэгээд ч ямар өөрчлөлт хийхийг зориод байгаа нь үндсэндээ тодорхой болсон. Сонгуулийн одоогийн тогтолцоонд пропорциональ элемент оруулах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, улмаар “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарлаж буйг болиулах, Ерөнхийлөгчийг одоогийнх шиг ард түмнээс биш, парламентаас сонгох гэх мэт тоймтой зүйлийн талаар ярьж байгаа. Шинэчлэн батлах биш, нэмэлт, өөрчлөлтийн хэмжээнд ярьж буй учраас Үндсэн хуулийн нийт зүйл, заалтын 35-аас илүүгүй хувьд нь л гар хүрэх ёстой. Мөн 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтийг найман жилийн хугацаанд хөдөлгөх хориотойг санаачлагчид нь эрхбиш харгалзах биз. Гэхдээ хоёр жилийн өмнө баталсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан тул үүнтэй холбоотой зохицуулалтыг хэрхэн тусгах, эсвэл хөндөхгүй үлдээх үү гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Цаашлаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлах эрхтэй гурван субъектийн аль нь ч өөрсдийнхөө бүрэн эрхийг өргөтгөх, эрх хэмжээгээ нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагаа сулруулсан агуулгатай заалт, зохицуулалт тусгаж болохгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачиллаа гэхэд парламентын гишүүдийн тоог нэмэх зохицуулалт тусгах нь хуульд нийцэх, эсэхийг эргэцүүлэх л хэрэг.
Юутай ч УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх ёстой. Ингэхдээ хэлэлцүүлгийг тасралтгүй явуулах бөгөөд төслийг УИХ-ын чуулганаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал өөр асуудал барьж авахгүй. Жил бүрийн намар хэлэлцэн баталдаг улсын төсвөөс авхуулаад хугацааг нь хуульчилсан асуудлуудын хажуугаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь энэ парламентын хамгийн том ажил байх нь гарцаагүй ээ.